Д.Сумъяабазар: Үерт өртөж гэр оронгүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай гэр олгоно

НОК-ын Шуурхай штабаас үерийн дараах нөхцөл байдлын талаар өнөөдөр /2023.8.6/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод 2023.8.5-ны 19:30 цагаас эхлэн усархаг аадар бороо 40 орчим минут үргэлжлэн орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үер бууж, дөрвөн хүний амь нас эрсэдсэн харамсалтай зүйл тохиолоо. Үерийн улмаас амь эрсэдсэн иргэдийн ар гэрт нийслэлийн нөөц хөрөнгөөс тус бүр хоёр өрөө байр олгох шийдвэр гаргалаа. Мөн үерт өртөж гэр оронгүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай гэр олгоно. Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүх л арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллаж байна” гэлээ. 

Мөн “Үерт автах эрсдэлтэй 228 айлыг нүүлгэж БЗД, ХУД, Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэнэ. 10 өрхийн 70 орчим иргэн орон гэргүй болсон. Сэтгэл зүйн гэх мэт бүх төрлийн дэмжлэгийг үзүүлнэ” гэлээ.

ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН 16 ӨРХИЙН 80 ИРГЭН БАЙНА

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх үерт өртөж, 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлж, үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна. Үерт өртсөн 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалж ажиллалаа. Одоогийн байдлаар Орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэн байна. Эдгээр үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр Монгол гэр иж бүрэн тавилгатай олгохоор шийдвэрлэлээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг зөвлөлөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *