Хятадын коксжсон нүүрсээр хийсэн шахмал түлш Монголын утааг арилгаж, иргэдийг угаартахаас аварна гэв үү?
Уг нь утааны тухай хэрүүл намар буюу аравдугаар сараас эхэлдэг “уламжлалтай”. Гэвч энэ жил эсрэгээрээ байлаа.
Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн лхагва гарагийн хуралдаанд /2023.08.09/ оролцох үеэрээ Хятадаас 177 тэрбум төгрөгөөр хагас коксжуулсан нүүрс худалдан авч энэ өвөл шахмал түлш туршиж үзнэ гэдгээ мэдэгдсэн нь олны дургүйцлийг хамгийн ихээр хүргэсэн өнөөдрийн халуун сэдэв байлаа. Учир нь нийслэлчүүд бид энэ өвөл дахиад л “туршилтын туулай” болох нь ээ.
Одоо бидний хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшний гол түүхий эдийг мидлинг гэдэг. Тэгвэл сайд Б.Чойжилсүрэн утаа багасахгүй байгаагийн гол “буруутнаар” мидлинг хэмээх энэ түүхийг эдийг “онилжээ”. Тиймээс энэ түүхий эдийг Хятадаас худалдан авсан хагас коксжуулсан нүүрсээр солихоор болжээ.
Ийм шийдвэр гаргахдаа Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрчим хүчний яам, “Тавантолгой түлш” компаниас хамтарсан Ажлын хэсэг гарган туршилт хийжээ. Ингэхдээ БНХАУ-ын хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд очиж судалгаа хийхэд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 242 сая төгрөг гаргасан байна.
Солонгос, Япон, Европын холбооны туршлагыг ч судалж үзсэний эцэст манай хөрш БНХАУ-ын шахмал түлш үйлдвэрлэдэг технологи манай улсад хамгийн сайн тохирно гэсэн шийдэлд хүрчээ. Ийн 80 тонн хагас коксжуулсан нүүрсийг Хятадаас оруулж ирээд шахмал түлш үйлдвэрлэн галлагаа хийж, лабораторид шинжлүүлж үзжээ. Ингэхэд тоосонцор, дэгдэмхий, хүхрийн хэмжээ, хүнцлэгийн хэмжээ буурсан гэсэн эерэг үр дүн гарсан байна. Тиймээс Хятадын кокжсон нүүрсээр хийсэн шахмал түлшийг 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-ний хооронд түлж үзэн туршилт хийхээр болжээ.
Гэхдээ энэ туршилтыг хийж 115 мянган тонн хагас коксжуулсан нүүрсийг Хятадаас импортоор оруулж ирэн шахмал түлш үйлдвэрлэхэд 177.5 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийгээ нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондноосоо гаргаж өгөөчээ хэмээн сайд Б.Чойжилсүрэн “гуйлаа”.
“Үр дүнд нь утаа буурна. Сайжруулсан шахмал түлшний хоруу чанар багасч иргэд угаартахгүй” гэдгийг ч сайд амлав. Туршилт гэдэг үгнээс айхгүй байгаагаа ч тэрбээр итгэл дүүрэн хэлсэн. Учир нь түүнийг анх Эрчим хүчний сайд болох Ерөнхий сайд утааг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх хоёр үндсэн даалгаврыг өгчээ.
Ийн нийслэлчүүд 2023-2024 оны өвөл Хятадаас оруулж ирсэн хагас коксоор үйлдвэрлэсэн шинэ шахмал түлшийг түлэх нь ээ. Гэхдээ энэ туршилтын түлшнээс болж иргэн амиа алдвал сайд Б.Чойжилсүрэн хариуцлагыг нь үүрэх болов уу. Хариуцлагаа үүрлээ ч хүний амь насыг нөхөж болдог зүйл ер нь энэ хорвоод байдаг билүү. “Салхи бага, хүйтэн байгаагаас Улаанбаатарын утаа буурахгүй байна” хэмээн салхинд буруугаа чихээд сууж байсан мэргэжлийн биш сайдын хийх шинэ туршилтаас иргэд айж байгаагаа ч илэрхийлсээр байна.
Дашрамд дурдахад, Хятадад хагас коксний 150 орчим үйлдвэр, хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэдэг үйлдвэр 300 орчим үйлдвэр байдаг аж. Мөн ирэх онд багтан 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксын үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Багануурт барихаар төлөвлөж байгаа аж.
Ийн эх орондоо хагас коксын үйлдвэртэй болтлоо хөрш орноосоо хагас коксжуулсан нүүрс импортолж шахмал түлш үйлдвэрлэх дахин нэг шинэ туршилтыг эхлүүлэх нь ээ. Ирэх өвөл бидэнд юу тохиолдох болооо…….