Нийслэл дэх бүх гүний худгийн ус “Inel Zaisan Village” шиг бохирдоогүй гэсэн баталгаа бий юу?

Толгой өвтгөж, бухимдуулах асуудал дуусашгүй. Ялангуяа бидний нийслэл Улаанбаатар хот асуудлын “үүр” гэлтэй. Дуулиан шуугиан тарьсан үйл явдал өдөрт ганц нэг биш 10-20 удаа болно. Заримыг нь бид үзэж харж, сонсож бухимдана. Харин заримыг нь огт мэдэлгүй өнгөрөх нь олонтаа.

“Орчны бохирдол, хөрсний бохирдол маш чухал сэдэв. Учир нь бидний хэрэглэж байгаа усны аюулгүй байдалтай хөрс салшгүй холбоотой” хэмээн мэргэжилтнүүд удаа дараа анхааруулсаар байдаг ч олон нийт төдийлөн тоодоггүй л байв. Харин саяхан болсон нэгэн үйл явдал хөрс болоод усны бохирдол бидний эрүүл мэндэд ямар их хор хохирол учруулж болзошгүй аюултай асуудал гэдгийг иргэдэд ойлгуулж чадлаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “Inel Zaisan Village” хотхоны оршин суугчдад энэ сарын 1-ний өдрөөс эхлэн 7-14 хоногийн турш бөөлжих, гүйлгэх, халуурах шинж тэмдэг илэрчээ. Ийм шинж тэмдэгтэй оршин суугчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, гэр доторх уснаас нь муухай үнэр гарч эхэлсэн байна. Ийн   энэ гэдэсний өвчлөл нь уснаас болсон байх магадлалтай хэмээн оршин суугчид үзэж Усны газарт дээж хүргүүлэн шинжилгээнд хамруулжээ.  Тус хотхон нь төвийн усны шугамд холбогдоогүй учир гүний худгийн ус хэрэглэдэг аж. Ийн усны газрын шинжилгээгээр “Inel Zaisan village” хотхоны гүний худгаас гурван төрлийн эмгэг, өвчин үүсгэгч нян, бактери илэрчээ.

Энэ талаар Усны газраас тодруулахад “Inel Zaisan Village” хотхоны усан дахь нийт нянгийн тоо байх ёстой хэмжээнээсээ хэд дахин их буюу 300 давсан байна.  Тус хотхоны уснаас гэдэсний бүлгийн савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн, сульфит задлагч агааргүйтэн гэсэн нян илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдсон” гэв.

Ундны уснаас нь гэдэсний халдвар үүсгэгч нян, бактери илэрч, хотхоноороо өвчилсөн анхны тохиолдол нь энэ биш. Төвийн шугамтай холбогдоогүй гүний худгаас усаа авдаг хэд хэдэн хотхонд яг ийм асуудал үүсч байв. Тэгвэл энэ бүхэнд хэн буруутай гэсэн асуулт гарч ирнэ. Ашиглалтад оруулсан хотхоноо төвийн усны шугамд холбоогүй барилгын компанид хариуцлага тооцох нь нэг шийдэл байж болно. Гэхдээ гүний худгийн ус яагаад бохирдов, үүнд хэн буруутай вэ гэдэг нь үүнээс хэд дахин илүү чухал асуудал билээ.

Жил бүрийн судалгаагаар хөрсний бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэсэн хариу гардаг. Тэгвэл яг энэ хөрсний бохирдлыг бууруулахын төлөө бид ямар нэгэн алхам хийдэг билүү. Хөрсний бохирдлыг бууруулна гэдэг дан ганц төр, Засгийн газрын ажил биш. Олон нийтийн оролцоо, амьдралын зөв хэвшил, дадал хөрсний бохирдлыг бууруулахад хамгаас чухал. Яагаад иргэний оролцоо чухал вэ гэж гайхаж магад.

Тэгвэл хөрс юунаас болж бохирддог вэ гэж бодоод үзье. Нүхэн жорлон, нус, цэр, олон төрлийн хог, тэр дундаа хүнд металын хаягдлаас эхлээд өдөр тутамдаа юу ч бодолгүй хаа нэг газар руу шидчихдэг гялгар цаас, ундаа, усны сав гэсэн олон зүйл хөрсийг бохирдуулж байдаг. Ийн бохирдсон хөрсөөр дамжин бидэнд ирж байгаа гүний ус олон төрлийн нян, бактериар бохирлогдон гэдэсний халдварт өвчин үүсгээд байгаа юм. Үүнд өөр ямар нэгэн далд шалтгаан огт үгүй.

Бидний амьдарч буй газрын уснаас гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян илрэхгүй гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ үүнээс урьдчилан сэргийлэх боломж нь бидний гарт бий. Ийн бид дараагийн цуврал нийтлэлээрээ хөрсний бохирдлын шалтгаан болоод хэрхэн урьдчилан сэргийлэх, цэвэр ус хэрэглэх ямар боломж бидэнд байгаа талаар хөндөн бичих болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *