ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн Монгол улсад айлчилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн 2023 оны 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочен нар 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой хөгжүүлж буй хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар хоёр тал дэлгэрэнгүй ярилцав.

Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны зарим баримт бичиг байгуулсны дотор Монгол Улсын гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх Ажлын хэсгийн Хамтын ажиллагааны санамж бичиг”-т Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр,  БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын дэд дарга Янь Жин нар гарын үсэг зурав.

“Монгол Улсын оюутнуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-д суралцуулах тухай Монгол Улсын БШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, ӨМӨЗО-ны Боловсролын танхимийн дэд дарга Жан Жүньши нар гарын үсэг зурав.

“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд МУЗН, БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Улаан Загалмай Нийгэмлэг хоорондын хүмүүнлэгийн тусламжийн төслийн хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ӨМӨЗО-ны  Улаан Загалмай Нийгэмлэгийн Дэд дарга Ян Фэн Чи нар гарын үсэг зурав.

“МҮОНРТ, БНХАУ-ын Өвөр Монголын Радио Телевиз Хоорондын стратегийн хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-т МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, ӨМӨЗО-ны  Радио, телевизийн дэд дарга Жа Жеэ нар гарын үсэг зурав.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана. Айлчлалын үеэр Монгол, Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт зохион байгуулав.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments