Ү.Оюунзул: Эмэгтэй гэдэг хүйсээр давуу байдал үүсгэж улстөрд явах шаардлагагүй
Нийслэлээрээ овоглон Баянзүрхчүүдээрээ түшүүлэн төр, түмнийхээ төлөө зүтгэж яваа халуухан, дулаахан, чин сэтгэлтэй залуухан манлайлагч бүсгүй Үнэнбатын Оюунзулыгаа уншигч түмнийхээ Хойморт залж, ярилцлаа.
Түүнийг ихэнх уншигчид маань Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн дарга гэдгээр нь илүү мэдэх байх. Зарим нь намын дэргэдэх залуучуудийн байгууллагаар нь зарим нь эмэгтэйчүүдийн байгууллагаар нь ч мэддэг юм билээ. Цэл залуухан насанд тэр, зон олныхоо дунд хэд хэдэн овогтой болж амжсан нь уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийнх нь үр шим биз ээ.
2005 онд Эрдэнэт хотод 10 жилийн сургуулиа төгсөөд, МУИС-д элсэн орж улмаар улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлийг эзэмшин төгссөн. Сурагч байхдаа мэтгэлцээн, илтгэх урлагаар хичээллэж, оюутан болоод түүнийгээ үргэлжлүүлэн парламентийн мэтгэлцээнээр хичээллэж, сургуулийнхаа оюутны зөвлөлд орж ажиллан өөрийгөө чамгүй ачааллаж, хичээж ирсэн. Тэмцээн уралдаандаа ч оролцсоор л чамгүй амжилтуудыг гаргав. Хажуугаар нь МУИС дээрээ анхны “Оюутны хөдөлмөр зуучлалын төв”-ийг байгуулаад оюутнуудад цагийн ажил хийх боломжийг олгож байлаа. Өөрөө ч цагийн ажил хийгээд, тэрүүхэндээ хөөрхөн шинэлэг зүйлийг бий болгосондоо урамшив. Энэ мэтээр нийгмийн идэвхтэй байдал, тууштай үйл ажиллагаа маань үргэлжлээд л байсан.
Оюутан байхдаа байгуулсан “Оюутны хөдөлмөр зуучлалын төв”- өө сайн дураараа хоёр жил гаран ажиллуулж 600 гаруй оюутныг цагийн ажилд зуучилж байсан бахархам түүхтэй. Олон оюутнуудад ажил зуучлан ажиллуулах энэ хугацаандаа үнэхээр хичээл зүтгэлтэй, амархан шантарч няцдаггүй нэгэн байхад, ажил балладаг, хөнгөн хийсвэр, хариуцлагагүй нэгэн ч байх юм гэдгийг ойлгосон. Тиймээс дүү нартаа, залуусдаа ажил хийх чадварыг өөртөө суулгаж, суралцаж тууштай байх ёстойг зөвлөсөн юм.
Миний идэвхтэй, тууштай зан чанар намайг Монгол Ардын Намын дэргэдэх Монголын Ардчилсан Социалист Оюутны холбоонд (одоо бол Социал Демократ Монголын Оюутны холбоо болсон) гишүүнээр элсэхэд хүргэсэн бөгөөд энэ нь хамгийн анхны улс төрийн ажил маань байлаа. Сургуулиа төгсөөд Их сургуульд нэг жил орчим багшилсан. Гэтэл тухайн үеийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос (одоо Социал Демократ Монголын Залуучуудын холбоо болсон) Ажлын албанд зохицуулагчаар ажиллах саналыг надад тавьсан. Тэр үед одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн холбооны Ерөнхийлөгч байсан. Тэрээр надтай уулзахдаа “энэ байгууллагад ажиллах гэж байгаа юм байна. Энэ байгууллага бол бүжгийн тайз. Энэ тайзан дээр дураараа бүжиглэ. Энэ тайз чамд нээлттэй” гэж хэлсэн. Энэ нь надад маш их итгэл, урам, зоригийг өгсөн. Ингээд л би Ажлын албанд 2 жил зохицуулагчаар ажиллаад, дараа нь Нарийн бичгийн дарга болсон. Үргэлжлүүлээд ажлаа сайн хийсээр л байсан. Одоо би Социал Демократ Монголын Залуучуудын холбоондоо мөн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Энэ холбооныхоо эд, эс нь болоод 13 жилийг өнгөрүүлээд байна. Амьдралтай минь холбоотой үнэт зүйлс энэ байгууллагатай салшгүй холбоотойгоор явж ирлээ, эндээс би маш их зүйлийг сурсан, хөгжсөн. Надад ажил амьдралын амжилтын карьерыг өгсөн дөө.
-Та багаасаа л ийм адтай, удирдах авьяастай, идэвхтэй хүүхэд байв уу?
Үгүй ээ, Би багадаа даруухан охин байсан. Тийм ч идэвхтэй байгаагүй. Харааны шил зүүсэн, үсээ хоёр салаа сүлжсэн, их өндөр. Намайг аав, ээж минь их дотогшоо хүн болохнээ гэж боддог байсан байх. Харин би 7-р ангиасаа өөрийгөө дайчилж, нээж эхэлсэн. Илтгэх урлагын сургалтад хамрагдсан. Жил хүрэхгүй хугацаанд миний ярих, илтгэх, бичих, логик сэтгэлгээний чадвар сайн болж, их хөгжсөн. Өөрөө ч идэвхтэй болсон. Төгсөх ангидаа аймаг, улсын уралдаан тэмцээнд хэд хэдэн удаа орж амжилт үзүүлээд, нийгмийн ухааны чиглэлээрээ өрсөлдөж Их сургуульдаа ч орсон.
Одоо би боддог, ээж аав бүр хүүхдүүдээ ойлгож дэмжиж, нээж өгөх хэрэгтэй. Чамалж, голж хэзээч болохгүй. Юуг сонирхож байна гэдгийг маш их анхаарах ёстой. Шатар сайн тоглодог уу, спортод сайн байна уу, эсвэл IT талдаа чадвартай байна уу, зурах будах оёх, дуулах юуг хүсч байна. Түүнд нь чиглүүлж, дэмжиж байх хэрэгтэй. Бас хүүхэд өөрөө их идэвхтэй, хичээдэг байх хэрэгтэй. Хүүхэд байхаасаа л аав, ээжийнхээ заасан сургаснаар дүү бид хоёр хичээж ирсэн. Одоо ч тэр хүмүүжлээрээ. Ямар нэг байдлаар оройтох болбол урьдчилаад ээждээ хэлдэг, юу хийж яваагаа мэдээлдэг, хуваалцдаг. Маргаашийн ажлын төлөвлөгөөгөө ч хэлж танилцуулдаг. Тарж очих цагаасаа оройтох, хэлснээсээ өөр төлөвлөгөөтэй болсон үед айж, эмээдэг байх жишээтэй.
Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Харвардын их сургууль төгсөж ирээд “Нүүх үү, үлдэх үү” лекцээ 21 аймгийг тойрч уншиж байлаа. Эрдэнэтэд энэхүү лекцээ унших үеэр нь арван жилийн сургуулийн хоёр салаа гэзэгтэй, зузаан нүдний шилтэй охин “Би улс төрч болмоор байна, Та зөвлөгөө өгөөч” хэмээн зоригтой асууж зогссон гэнэ. Харин Ерөнхийлөгч “Тэгж зовлонгоо эрж яах юм бэ” хэмээн хариулж байсан гэдэг. Тэрээр “яагаад зовно гэж” гэсэн асуултын хариултаа БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч хатагтай Пак Гынхегийн “Цөхрөл намайг хатуужуулж, найдвар намайг урагшлуулдаг”, АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоны “Миний амьдралын түүх” номуудыг уншиж, улс төрч болох, төр нийгмийнхээ төлөө ажиллаж, амьдрах нь ямар хэцүү золиос ихтэй зүйл болохыг ойлгосон. Эмэгтэй хүн улс төрд орох нь амаргүй, амжилт гаргахад бэрх байлаа ч энэ бүхнээс шантарч мөрөөдөл, зорилгоо умартан бууж өгөх нь бүр ч хэцүү юм. хэмээн өөрийн бичсэн “Долоон гарагийн тэмдэглэл” номондоо бичсэн байна.
Миний хувьд үнэндээ өөртөө 100 хувь итгэлтэй байгаагүй л дээ. Шалтгаан нь юу байсан гэхээр хамгийн түрүүнд гэр бүлийнхэн маань яаж хүлээж авах бол, хоёрдугаарт санхүүгийн хувьд огтоосоо бэлэн биш байсан. Намайг гол дэмжсэн газар бол намаас бодлогын түвшинд дэмжсэн. Тийм болохоор аав, ээжтэйгээ ярилцаад үзсэн чинь дургүйцэхгүй, бүүр дэмжиж байна. Залуу хүн итгэл үнэмшил, хүч, зориг байвал дэвш гэсэн. Үүнээс нь би маш их урам зориг авсан. Тэгээд өөр лүүгээ өндийгөөд үзсэн чинь надад тодорхой хэмжээнд хийсэн ажил, манлайлал, дээр нь мэдлэг боловсрол, мэдрэмж байгаа юм байна гэдгээ мэдэрсэн. Тэгээд л эргэлзэлгүй нэр дэвших шийдвэрээ гаргасан. Энэ нь оновчтой шийдвэр болсон. Хүн бүр энэ ертөнцөд хүн болж ирэхдээ ямар нэгэн үүрэгтэй, даалгавартай ирдэг гэж боддог. Миний даалгавар бол бусдын төлөө ажиллах, бусдын төлөө хийж бүтээх нийгэмд үйлчилдэг хүн юм байна гэдгээ мэдэрсэн. Тиймээс бусдын төлөө шийдвэр гаргахад, бодлого тодорхойлоход надад олон нийтийн төлөөлөл байх анбиц, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч байх карьер зайлшгүй шаардлагатай байсан. Ингээд л нэрээ дэвшүүлсэн. Иргэд маань ч надад итгэл өгч, бүх хэсгийн хороон дээрээ нэгээр гарч ялсан.Нэр дэвшихээсээ өмнө Монгол Ардын Намын дэргэдэх Улс төрийн боловсролын институт гэдэг байгууллагыг удирдаж байлаа. Энэ ажлынхаа хүрээнд ч залуучуудын байгууллагын ажиллаар ч Монгол улсаа 4 удаа бүтэн тойрч ажилласан. Ингэхдээ намын болон засаг захиргааны нэгж анхан шатан дээр ажиллаад олон мянган хүмүүстэй уулзаж, санал бодлыг нь сонсож, мөн сургалт зохион байгуулаад, энэ бүртээ тал бүрийн мэдлэг, дадлага туршлагыг хуримтлуулж ирсэн. Улс төрийн ажлын зураглалтай болоод л байсан.
Ер нь бидний гол ажил бол иргэдэд үйлчлэх, иргэдийнхээ аз жаргалтай, сэтгэл хангалуун, чанартай сайхан амьдралыг цогцлооход өөрийн чадах хэрээрээ л хичээх ёстой. Иргэдийг төлөөлж буй төлөөлөгч хүний хувьд юуг хийж бүтээх ёстой билээ, яаж дуу хоолой нь болж, хүнд ээлтэй шийдвэрүүдийг гаргах ёстой билээ гэдэг тооцоолол, туршлага алсын хараагаа бол тодорхойлчихсон харчихсан байсан.
Миний өөрийн болоод гэр бүлийн амьдрал, ажил төрөл Баянзүрх дүүрэгтэй салшгүй холбоотой явж ирсэн. Иймээс энэ дүүрэгтээ нэр дэвших шийдвэрийг гаргасан.
-Эмэгтэйчүүд улс төрд орох нь хэцүү юу? Шантрах үе тохиолддог уу?
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 45 төлөөлөгчтэй. Үүнээс дөнгөж 8 нь эмэгтэй төлөөлөгч. Үүний 2 нь Ардчилсан намаас, 6 нь Монгол Ардын намаас сонгогдсон. Энэ удаагийн НИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нарын хувьд анх удаагаа нам харгалзахгүйгээр 2021 онд албан ёсоор НИТХ-ын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөлөө байгуулан нэгдэн ажиллаж байгаа. Бид бол нийслэлийн 1,5 сая гаруй иргэдийн талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдээ төлөөлж байгаа учраас эмэгтэйчүүдийнхээ төлөө, дээр нь хаана хайр халамж, эмэгтэй хүний ур ухаан, хүч хөдөлмөр хэрэгтэй байна, тэр зүг рүү чиглэсэн ажлуудыг илүүтэй бодлогын түвшинд шийдвэр гаргуулаад, хөрөнгө төсөв тавиулаад гүйцэтгэл дээр нь оролцоод явж байна. Тухайлбал, ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй буюу нийгмийн тусгай хэрэгцээт хүмүүс рүү чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, ногоон хөгжлийг дэмжсэн ажлуудыг хийгээд явж байна. Энэ маань тодорхой хэмжээгээр нийгмийн асуудлуудад мэдрэмжтэй хандаж байгаа гэж хардаг. Энэ цаг хугацааны НИТХ бол эмэгтэйчүүдээ ямар нэгэн байдлаар хүйсээр нь ялгаварлан, ялгаатай хандах байдлыг гаргадаггүй гэдгээрээ онцлог. Маш их дэмжиж ажилладаг. Үүнийгээ Эмэгтэйчүүдийн зөвлөл маань ч сайн ашиглаж чаддаг, бид нэгдэж баг болон асуудлуудаа гаргаж тавьдаг, түүн дээрээ төсөв мөнгө шийдвэрлүүлэх, цаашлаад хэрэгжүүлэхэд хамтдаа зүтгэдэг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань нэгдэж, баг болж чадвал хүчтэй юмаа. Харин нэгдэн нийлж, хамт байж, багаараа ажиллаж чадахгүй бол хүчгүй байх, бодлогын шийдвэрийн гадна үлдэнэ. Яг үнэндээ манай эмэгтэйчүүд бүх шатандаа НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл шиг нэгдэж чадаж байна уу гэвэл, үгүй. Энэ нь эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, шийдвэр гаргах түвшинд эзэлж байгаа хувь бага байгаад нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг гэж хараад байгаа. Тиймээс бид бие биенээ дэмжих, нэгдэх, багаараа түрэн орж ирэх нь чухал.
-Манлайлагч, улс төрч эмэгтэйчүүдийг тэсэшгүй байдалд оруулдаг хэцүү асуудлууд юу байдаг вэ?
Эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвшээд урагшлахад нөлөөлдөг дараагийн нэг асуудал нь санхүүжилт. Санхүүгийн хувьд улс төрчдөд тэгш байдлыг бий болгох, дэмжих хэрэгтэй.-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сайн ажилладаг гэж хардаг. Таныхаар?
Өнөөдөр улс эх орны анхаарлын төвд байгаа хүүхэд хамгааллын асуудал хотын хувьд түгжрэл, утааны асуудалд эмэгтэйчүүдээ шийдвэр гаргах түвшинд илүү оролцуулаад, эрэгтэйчүүдтэй ижил олноор нь гаргаад, бодлого боловсруулахад энэ хүмүүсийн саналыг яг эрчүүдтэй ижил тусгаад, төсвийн хуваарилалтыг оновчтой хийгээд явах юм бол шийдэгдэх бүрэн боломжтой гэж харж байна. Хүүхэд хамгаалалд тавьсан 8 тэрбум төгрөг өө 14 тэрбум төгрөг болгож байна гэж ярьж байна. 8 тэрбум байхад 1 хүүхдэд дунджаар 5000 төгрөг зарцуулагдаж байна. Тэгвэл 14 тэрбум төгрөг болгоход дөнгөж 8-9 мянган төгрөг л болж байх жишээтэй. Энэ чинь хангалтгүй.Бид хүүхдүүдээ хамгаалахад 140 тэрбум төгрөгийг ч яагаад тавьж болохгүй гэж. Монгол улс маань хүүхдийн эрхийг зөрчдөггүй, хүүхэд эрсдэлд ордоггүй, тийм улс болоё л доо. Жишээлбэл, хүүхэдтэй холбоотой сүүлийн 2 жилийн судалгааг харахад 2022 онд 2 ангитай тэнцэхүйц хэмжээний хүүхэд автотээврийн ослоор амь нас аа алдсан байна. Энэ онд 1 анги гараад явчихсан байх жишээтэй. Ийм олноороо хүүхэд амь насаа алдаж байгааг харахад бараг дайнтай улс шиг байгаа биз дээ. Дээр нь сэтгэл зүйн болоод бие махбодийн хүчирхийлэлд маш олон хүүхэд өртөж оюун санааны, биемахбодийн гэмтэл авч байна. Энэ бол аймшигтай. Ийм байхад тэр 14 тэрбум төгрөг ч хангалтгүй.
Мөн гэр бүлийн тухай хууль. Хичнээн жил дуншив. Одоо хүртэл эцэслэгдээгүй. Хүүхэд хамгааллын хууль одоо л явж байна. Бид аль эрт энэ Хүүхэд хамгааллын хуулиа баталчихсан байсан бол хуулийн дагуу шийдчихсэн бол, өнөөдөр хүүхдээ орхиод явсан аавүүд, ээжүүд хуулиа мөрдөх наад зах нь хүүхдүүд авах ёстой боловсрол, хүнсээрээ авах ёстой шим тэжээл, эрүүл мэнд, эрүүл аюулгүй амьдрах нөхцөл нь бүрдчихсэн байх байлаа ш дээ. Энэ бүхэнд эмэгтэй улс төрчдийн үүрэг роль маш ихээ, энэ хүмүүс орж ирж байж нийгмийн эмзэг, хэцүү, бэрхшээлтэй асуудлуудыг мэдрэмжтэйгээр шийдэж чадна гэж хэлмээр байна. Үүнийг маш сайн хийж чадна.
-Ажлын хүрээнд шантрах, урам хугарах асуудлуудтай тулдаг байх. Хэрхэн даван туулдаг вэ?
Гаралгүй яахав. Эхний удаад их шантрана, хоёрдах, гуравдах гээд явахаар шантрах гэхээсээ илүү яаж даван туулах билээ гэдэг аргаа олоод явдаг юм байна. Шантрах, гутрах, сэтгэлээр унах тохиолдол зөндөө л байна ш дээ. Цаг хугацааны хувьд хэр удаан үргэлжлэх вэ гэдэг нь л янз бүр. Гэхдээ хувь хүний өөрийн зан чанар, өөрийгөө удирдах байдалтай бас холбоотой байх. Миний хувьд харьцангуй бэрхшээлийг даван туулах чадвартай хүн гэж өөрийгөө боддог. Тийм шаардлагыг ч хатуу тавьдаг. Хүмүүст хүчтэй бай, шантрахгүй бай гэдгийг уриалаад, сургаад явдаг хүн чинь өөрөө тийм биш байвал хуурамч дүр болно биз дээ. Тэр утгаараа маш хурдан унасан ч хурдан босно. Сэтгэл зүй гэдэг бол бүх зүйлийн үндэс. Мэдээж шантрах, урам хугарах, гомдох үеүд тохиолдоно, энэ үед чин сэтгэлээсээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө ярилцах, хуваалцах, уйлах, ном унших, хөнгөн, хөгжилтэй кино үзэх, хөгжим дуу сонсох зэргээр өөрийгөө сэргээж, урам авна даа. Мөн дэлхийн нөлөөлөгч, манлайлагч гоё эмэгтэйчүүдийн тухай үзнэ, уншина, судлана. Их эрч хүч, урам авна. Мөн хөдөө, агаар салхинд явахад маш их эрч, хүч авдаг. Байгаль дэлхийтэйгээ ойр байх дуртай.-Улс төрч байхад юунд хамгийн сайн бэлтгэгдсэн байх ёстой вэ? Таны бодлоор?
Хүн байхад өөрийгөө бэлдсэн байх нь хамгийн чухал. Хүнлэг байх, хүнийг хүн ёсоор нь байлгах үнэт зүйлс. Бас эрүүл байх, оюун санааны болон бие махбодийн хувьд. Өнөөдөр хүнээ алдсан хүн биш болсон хүмүүс их олширч байна. Ийм хүмүүс биднийг удирдвал, толгойлвол юунд хүрэх билээ. Дараагийн чухал зүйл нь оюун санааны хувьд өөрийгөө хөгжүүлсэн байх. Улс орны хувьд болон гадаад түвшинд. Мөн өөрийн гэсэн сайн багтай байх. Ганцаараа би хэн ч биш, хамт олон, өөрийн нугаршгүй, хүчтэй багийг бүрдүүлсэн байх. Өөрийн гэсэн ментортой байх. Эдгээр бүгд нь миний үнэт зүйлс. Капитал. Дараагийнх нь санхүүгийн сахилга бат. Маш их хөрөнгө мөнгөтэй биш ч, олсон орлогоо зөв зохион байгуулж чаддаг байх. Хийсэн бүтээсэн тодорхой зүйлтэй байх. Би үүнийг сайн хийж чадсан гэдгээ харуулах зүйлийг бүтээсэн байх. Цаашдаа илүү сайн хийх зүйлээ харчихсан, түүндээ итгэлтэй байх. Жишээлбэл, Миний сонгогдсон Баянзүрх дүүргийн хувьд хамгийн олон хүн амтай, нийслэлийн маань томоохон дүүрэг. Тэр хэрээр эрүүл мэнд, боловсролын хүртээмжтэй байдал хамгийн их анхаарал татсан асуудал байсан. Гэтэл миний хийж ирсэн, хамгийн сайн чадах зүйл үүнийг яаж шийдвэрлэхийг мэддэг, илүү судалчихсан, ойр ажилласан байх жишээтэй.-Тойрогтоо ямар ямар дорвитой ажлуудыг хийв?
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн хувьд Баянзүрх дүүрэг асуудал ихтэй. Тухайлбал, өнөөдрийг хүртэл 360 мянга гаруй иргэнтэй энэ том дүүрэгт Улсын томоохон эмнэлэг алга байна. Энэ бол маш харамсалтай. Бид байнга ярьж, хэлж, хэлэлцэж байгаа ч үүнийг хийхийн тулд зөвхөн нийслэл биш улсын хэмжээнд маш их хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил. Энэ асуудал эцэслэн шийдэгдэхгүй байгаа учраас би юуг хийж чадах вэ гэдгээ тодорхойлоод, ямар арга хэмжээг авах вэ гэдгээ эрэлхийлж, өөрийнхөө тойргийн бүх өрхийн эмнэлгүүдэд нэн түрүүнд шаардлагатай үзлэг, шинжилгээний болон зөөврийн аппарат, техник тоног төхөөрөмжөөр хангасан. Энэ маань тодорхой хэмжээгээр дүүргийн эмнэлгийн ачааллыг бууруулах, иргэд хүлээгдэл, чирэгдэлгүй наад захын үзлэг, оношлогоо, шинжилгээндээ хамрагдчих боломжтой болсон. Мөн бүх хороодод ахмадын өрөө, танхимыг бий болгон тохижуулах ажлыг хийгээд явж байна. Ахмадууд маань хоорондоо уулзаж баяр жаргалаа хуваалцах, бие биетэйгээ ойр байх нөхцлийг бүрдүүлэх гээд шат дараатай ажиллаад явж байна. Цаашдаа ч бүхий л хүний анхдагч хэрэгцээ болох оюун санаа, бие махбодийн хувьд эрүүл, аюулгүй байлгахад хийж чадах бүхнээ зориулнаа, хийнээ гэж боддог.-Таны тойргийн хүүхэд бүр цэцэрлэг, сургуульд аа бүрэн хамрагдаж чадаж байгаа болов уу?
Улсын болон хувийн цэцэрлэг, сургуулиудад бүх хүүхдүүдийг бүрэн хамруулахад ихэд хичээж байна. Цэцэрлэгт гэхэд хүүхэд бүрийг хамруулах зорилгоор Цомцог буюу гэр цэцэрлэгээр хүртээмжийг нэмэгдүүлж байна. Энэ бол төсөл. Тодорхой хугацаанд хэрэгжээд дуусна. Цаашдаа дахин төлөвлөлт хийгдэж буй газруудад сургууль, цэцэрлэгүүдийг хороолол, хотхон бүрт төлөвлөлттэйгөөр зохион байгуулаад шийдээд явах нь зүйтэй гэж харж байгаа. Сургуулийн хувьд манай тойргийн 14, 42-дугаар хороод одоо болтол сургуульгүй байгаа. Гэхдээ газар нь чөлөөлөгдөөд Цамхаг констракшн шалгараад сургууль барих ажил нь эхэлчихсэн явж байна. Энэ маань дэвшил. Гэтэл цаашлаад 13, 8-р хороод дахин төлөвлөлтөд орж байна. Тэнд бас л сургууль цэцэрлэгийн асуудал үүснэ. Тэгэхээр бид төлөвлөлт гэдэг зүйлийг цогцоор нь маш сайн нягт, нямбай, няхуур хийж явах хэрэгтэй. Үүнд эмэгтэйчүүд маань санаачлагатай, чин сэтгэлээсээ ханддаг. Хүн амын төвлөрөлөөс шалтгаалаад энэхүү асуудлууд байнга л явна. Үүнийгээ бид шийдвэр гаргах түвшинд ээ шийдүүлж, нөлөөлж ажиллах нь бидний үүрэг.– Ер нь л хүний амьдрал тойрсон асуудлууд хаа ч ижил. Гэхдээ тойргийн тань иргэдийн асуудал бусад тойргоос хэр ялгаатай байна? Илүү ойр ажиллаж байгаагийн хувьд?
Монгол гэрээс, хашаа байшин руу, хашаа байшингаас орон сууц руу орох зарчимаар иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэх ёстой. 8, 13, 14, 42 -р хороодод дахин төлөвлөлтүүд хийгдэж байгаатай холбоотой иргэдийн анхан шатны үйлчилгээний байгууллагууд болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх зэргийг төлөвлөлттэй эмх цэгцтэй хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол наад зах нь орц гарц байхгүй, хүүхдийн тоглоомын талбайгүй, ногоон байгууламжгүй шийдээд байвал энэ нь оновчтой шийдэл биш. Мөн дээрээс нь газар чөлөөлөлтийн асуудлыг зөв шийдэж өгөх хэрэгтэй байна. Чөлөөлсөн газар дээрээ, дэд бүтэц төлөвлөлтийг хийж өгөх хэрэгтэй байна. Ингэж алсаа харж ажиллаж чадвал 10, 20 жилийн дараах хөгжлийг бий болгож өгнө гэж би хардаг. Бид үүнийг л хийхэд төвлөрч ажиллаж байна. Өнөөдөр яригдаж буй нүүрсний асуудал бол эцсийн шийдэл биш. Өнөөдрийг аргацаасан л арга хэмжээ гэж хардаг .-Эмэгтэйчүүд олноороо шийдвэр гаргах түвшинд гарахад сонгогчид хэрхэн бэлтгэгдэх ёстой вэ?
Манай улсад эмэгтэйчүүд нийт хүн амын 50-иас илүү хувийг эзэлж байна. Хаана ч очсон эмэгтэйчүүд олноороо байна. Хамгийн түрүүнд бид нэгнийгээ хүлээн зөвшөөрөх, дэмжих гэдэг асуудал маш чухал байна. Бид багийн тоглолтод бэлтгэгдэх хэрэгтэй. Энэ бол аль ч салбарт эмэгтэйчүүд амжилттай байх үндэс гэж хардаг. Өнөөдөр эмэгтэйчүүд 50-иас илүү хувийг эзэлж байгаа хэрнээ шийдвэр гаргах түвшинд яагаад цөөнх байгаад байгаан. Бид өөрсдийгөө дэмжиж, хүлээн зөвшөөрч чадвал эрэгтэйчүүдээс илүү олуулаа шүү дээ. Сонгогчдын санал өгч байгаа хүмүүсийн 50-иас илүү хувь нь мөн л эмэгтэйчүүд байгаа ш дээ. Гэтэл яагаад өнөөдөр эмэгтэйчүүд ялахгүй эрэгтэйчүүд бүх шатанд тэр тусмаа шийдвэр гаргах түвшинд давамгайлчихсан байгаан. Энэ чинь бидний сонгосон л сонголт. Наанадаж эмэгтэйчүүд бие биенээ ойлгоод сонгодог, итгэл өгч чаддаг болоод сурчмаар байна л даа. Ингэх юм бол бид 50:50 байх, тэнцүү байх боломж олгогдоно. Энэ нь дараа дараагийн хийх ажлуудад маань маш чухал хүчин зүйл болно. Миний хувьд ээж маань хүүхдийг минь багаас нь өсгөлцөж, дэмжиж ирсэн нь өнөөдрийн миний арай бусдаас өмнө амжилттай явахад ихээхэн үүргийг гүйцэтгэсэн. Энэ утгаараа би нэг талаасаа азтай. Ажлаа хийх, сурч хөгжих, бусдын төлөө өөрийгөө зориулах боломжийг надад олгосон. Нөгөө талаас нь харвал сул тал бас бий. Гэхдээ би энэ байдлаа давуу тал болгон ашигласанд байгаа юм. Зөвхөн надад ч биш. Дүү бид хоёрт бүх боломжийг өгсөн. Тэгэхээр хүн бүр өөрийн боломжоо зөвөөр олж харж ашиглах хэрэгтэй. Сонгогчид ч гэсэн. Надад боломж байгаа гэдгээ ухаалгаар харж шийдвэр гаргах нь зүйтэй.-Улс төрд орохоор төлөвлөж буй эмэгтэйчүүдэд хандаж юуг зөвлөх вэ?
-Таны цаашдын карьер, төлөвлөгөөг сонирхож болох уу?Анх удаа танд задалж байна даа. (Инээв) Миний алсын хараа, зорилго ирээдүй тодорхой байна. Би өөрийн хамт олон, гэр бүлдээ үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Мөн өөрийн амжилтаа бусадтай хуваалцах, бусдын амжилтыг хуваалцах дуртай. Ийм зүйлсээс би өөрөө их урам зориг авдаг. Цаашдын карьераа шинээр төлөвлөж байна. Энэ маань байгаль орчны салбарт нарийн мэргэжлээр сурах, мэргэжил эзэмших. Байгаль орчны салбарын нарийн мэргэжлээр өөрийгөө бэлтгэх, энэ салбарт дараагийн карьераа харж байна. Миний алсын хараа бол байгаль орчны чиглэлээр манлайлах. Дэлхий нийтээрээ дэлхийн дулаарлын эсрэг хүн төрөлхтөн тэр чигээрээ анхаарлаа хандуулж байна шүү дээ. Миний хийж байгаа ажил ч яах аргагүй, өөрийн эрхгүй намайг ийшээ чиглүүлж дуудаж байна. Би Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг удирдаж 2 жил орлогч даргаар, 3 жил гаруй даргаар нь ажиллаж байна. Энэ хугацаанд тодорхой хэмжээнд мэргэшээд л явж байна. Одоо би илүү их суралцах, өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэдгийг мэдрээд байна. Дараагийн төлөвлөгөө минь залуу хүний хувьд сайхан амьдралыг бүтээе гэж бодож байгаа. Энэ маань цаг хугацаатай холбоотой мэдээж яг өдийд төдийд гэж болохгүй ч, илүү сайхан амьдрал хүсч байна. Эдгээрийг хуваалцья даа.