СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өдөрт 130-170 хүн халтиргаанаас үүдэн гэмтэж байна
Нийслэлийн хэмжээнд авто зам, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс/ГССҮТ/ мэдээллээ.
Сүүлийн дөрвөн хоногийн байдлаар ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн иргэдийн тоо хоёр дахин өссөн байна. Халтиргаа гулгааны үеэр осол гэмтлийн тоо өсөж, өдөрт 130-170 хүн тус эмнэлгээс тусламж авахаар ирж байгаа аж.
Тухайлбал
- Арванхоёрдугаар сарын 15-нд 91
- Арванхоёрдугаар сарын 16-нд 132
- Арванхоёрдугаар сарын 17-нд 174
- Арванхоёрдугаар сарын 18-нд 161 хүн зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгджээ.
Иймд халтирч унахаас сэргийлж, бага зэрэг өвдгөө нугалан, урагш бөхийж алхах, резинэн ултай гутал өмсөх, зам гарахдаа гүйхгүй байх зэргийг зөвлөлөө.
Тохойн үеийг тэнийлгэж, гараа алдалж унахад бугуйн яс хугарч, шөрмөс сунаж тасрах аюултай байдаг байна.