Гар буу оролдох үедээ сум алдаж, хоёр иргэнийг оножээ
Нэгдүгээр сарын 22-ны 15:40 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Хогийн хонхор гэх газар “Бай буудаж байгаад сум алдаж хүн гэмтсэн” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар 36 настай, эрэгтэй “Э” нь гар буу оролдож байх үедээ сум алдаж, хоёр иргэний хөлд гэмтэл учруулжээ. Хохирогчийн нэг нь БНХАУ-ын иргэн бөгөөд 50 настай эрэгтэй. Нөгөө нь Монгол Улсын иргэн бөгөөд 37 настай, эрэгтэй байна. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Иймд галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа иргэд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу галт зэвсгийн гохыг байнга цоожилж, буунаас замгийг салгах, сумыг тусад нь түгжээтэй саванд хадгалах, бусдад шилжүүлэхгүй байх, галт зэвсэгтэй ямагт цэнэгтэй мэт харьцаж буудлага үйлдэхээс бусад үед цэнэглэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.