ОХУ, БНХАУ-аас энэ сард 133,500 тонн дизель түлш импортлохоор ажиллаж байна гэв
ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний экспортыг тодорхойгүй хугацаагаар хориглох шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн дагуу 20 орчим хоногийн хугацаанд ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт саатсантай холбоотойгоор манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдох нөхцөл байдал үүссэн.
Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс зөвхөн төмөр замаар шатахууны импорт хийгдэж эхэлсэн бөгөөд эрэлт, хэрэглээний өсөлттэй холбоотойгоор өнөөдрийн хүртэл дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна.
Иймд шатахууны хангамжийг тогворжуулах, тодорхой хэмжээний нөөц бүрдүүлэх зорилгоор манай талаас нийлүүлэгч талд гаргасан хүсэлтийн шатахууны захиалга, ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж, Монгол улсын хил, боомт, замын өртөөдөөр ердийн үеийнхээс 1.5 дахин их шатахуунтай вагон орж ирж, зах зээлд нийлүүлэгдэж байгаа хэдий ч дотоодын зах зээлийг эрэлт, хэрэгцээг хангах, тогворжуулахад тодорхой хүчин зүйлс нөлөөлж, хүндрэл бэрхшээл тулгарсаар байна.
Энэ нь нэг талаас иргэд ШТС-уудаас бензин, түлш авахдаа ердийн үеийнхээс илүү хэмжээгээр ихэнх тохиолдолд автомашины бакыг дүүргэж авч байгаатай холбоотой байна гэсэн судалгааны дүн, мэдээ байна. Тухайлбал, өмнө нь ердийн үед ШТС-уудын долоо хоногт борлуулдаг байсан нөөц эдгээр өдрүүдэд гурван өдөрт шавхагдаж байна. Иймд нийлүүлэлт хэвийн байгаа тул ард иргэд та бүхнийг ердийн хэрэглээний горимоор шатахуунаа базааж, нөхцөл байдлыг хамтдаа даван туулахыг уриалж байна.
АИ-92 автобензиний хувьд:
АИ-92 автобензиний хангамжийг тогтворжуулах хүрээнд 2023 оны 12-р сард ОХУ-ын Роснефть компаниас 51,000 тонн энгийн, 5,000 тонн Евро-5, бусад нийлүүлэгчдээс 15,000 тонн нийт 71,000 тонн АИ-92 автобензин захиалснаас 33.518 тонн АИ-92 автобензин импортоор орж ирсэн.
Мөн өнөөдрийн байдлаар ОХУ-ын үйлдвэрүүдээс ачигдан тус улсын нутаг дэвсгэрт манай улс руу төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт 411 вагон буюу 24,660 тонн АИ-92 автобензин байгаагаас Наушки өртөөнд 120 вагон буюу 7,200 тонн байна. Эдгээр нь манай улсын 12 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин гэсэн үг юм. Мөн манай улсын нутаг дэвсгэрт төмөр замын өртөөд болон агуулахын зам дээр нийт 94 вагон буюу 5,640 тонн Аи-92 байгаа нь 3 өдрийн хэрэглээ юм.
Үнийн хувьд манай гол нийлүүлэгч Роснефть компани болон манай импортлогч аж ахуйн нэгжүүд хооронд АИ-92 автобензинийг 2024 онд үргэлжлүүлэн тогтвортой үнээр нийлүүлэхээр тохиролцсон. Иймд АИ-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнэ нэмэгдэхгүй.
Дизель түлшний хувьд:
Дизель түлшний импорт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хангамжийн тогтворжуулах хүрээнд
12-р сард Роснефть компаниас 72,000 тонн, тус улсын бусад компаниудаас 40,000 тонн, үүн дээр нэмээд БНХАУ-аас 31,500 тонныг захиалсан. Нийтдээ ОХУ, БНХАУ-аас 12 дугаар сард 133,500 тонн дизель түлш импортлохоор ажиллаж байгаа юм.
Улсын хэмжээнд 2023 оны 12-р сарын 18-ны өдрийн байдлаар 78,129 тонн дизель түлш импортлоод байна.
Үүний зэрэгцээ 2023 оны 12-р сарын 19-ний өдрийн байдлаар ОХУ-ын төмөр зам дээр 363 вагон буюу 21,780 тонн дизель түлш, БНХАУ-ын төмөр зам дээр 45 вагон буюу 2,520 тонн, хилийн цаана нийт 408 вагон буюу 24,300 тонн дизель түлш тээвэрлэгдэн ирж байгаа нь манай улсын 8 хоногийн хэрэглээ юм.
Эдгээрээс гадна ОХУ-аас хилээр орж ирээд агуулах дээр буух гэж байгаа 173 вагон буюу 10,380 тонн дизель түлш байна. Нийт хилийн цаана болон дотоодод татан авалт хийхээр хүлээгдэж байгаа 34,620 тонн дизель түлш байна. Энэ нь манай 12 хоногийн хэрэглээний нөөц юм.