Их Британийн хаан Чарльз хорт хавдартай болох нь батлагдлаа

Их Британийн хаан Чарльз нэг төрлийн хорт хавдартай болсон нь оношлогдож, эмчилгээ эхэлсэн тухай Букингэмийн ордон өчигдөр зарлажээ.

Тэрбээр хаан ширээнд залраад 18 сар хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа юм.

Чарльз олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцохгүй ч үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүний үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх юм байна.

Саяхан хаан эмнэлэгт хэвтэж, түрүү булчирхайн эмчилгээ хийлгэж байсан юм. Гэхдээ оношлогдсон хорт хавдар үүнтэй холбоогүйг Букингэмийн ордон баталжээ.

Одоогоор 75 настай хаан ямар төрлийн хорт хавдартай болсныг зарлаагүй байна.

Чарльз хаан “эмчилгээнд эерэг хандаж, төрийн ажил албандаа аль болох хурдан буцаж орох хүсэлтэй байгаа” тухай ордны мэдэгдэлд өгүүлжээ.

Мөн хаантан “элдэв таамаг, цуурхал тарахаас өмнө түрүүлж оношоо нийтэд зарласан нь хорт хавдраар өвчилсөн хүмүүсийг нийгэм зөвөөр ойлгодог болоход тустай гэж үзсэнийх” гэж тайлбарласан байна.

Чарльз 2022 оны есдүгээр сард өөрийн ээж, хатан хаан Элизабетыг 96 насандаа таалал төгссөний дараа хаан ширээнд заларсан юм.

Сүүлийн үед Британийн язгууртнуудыг тойрсон эрүүл мэндийн асуудлууд үргэлжилж байна.

Өнгөрсөн сард хаан түрүү булчирхайн томорлоо эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтэж байсан бол түүний бэр Уэльсийн гүнж Кэйт хэвлийн хөндийн хагалгаанд орсны дараа хоёр долоо хоноод эмнэлгээс гарсан юм.

АНУ-д амьдардаг хунтайж Харри хаан эцгийнхээ эмчилгээний үед хажууд нь байх зорилгоор Лондон руу нисэх гэж буй тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Зарим хэвлэлийн мэдээлснээр Чарльз гэр бүлийнхээ гишүүдэд шинжилгээний хариугаа биечлэн дуулгасан гэнэ. Харри хаан эцэгтэйгээ утсаар ярихдаа хорт хавдрын талаар мэдсэн гэнэ.

Британийн улс төрчдөөс гадна гадаадын төрийн тэргүүнүүд Чарльз хаанд эрүүл энхийг хүсэцгээж эхэлсэн байна.

“Эрхэм дээдэст түргэн, бүрэн эдгэрэхийг хүсэн ерөөе. Түүний бие богино хугацаанд сайжирна гэдэгт би эргэлзэхгүй байна. Бүх улс орон түүнд сайн сайхныг хүсэж байгааг би мэдэж байна” гэж ерөнхий сайд Риши Сунак мэдэгджээ.

Сөрөг хүчний удирдагч Кэйр Стармер “Хөдөлмөрийн намын нэрийн өмнөөс эрхэм дээдэст түргэн эдгэрэхийг хүсье. Бид түүний бие хурдан эрүүлжиж, сайжрахыг тэсэн ядан хүлээж байна” гэж мэдэгдсэн байна.

АНУ, Канад, Австрали зэрэг улсуудын төрийн тэргүүнүүд мөн Чарльз хаантанд түргэн эдгэрэхийг хүсэн ерөөцгөөжээ.

Тэрбээр туссан өвчнөө нийтэд ил тод зарласан нь эрүүл мэндийн асуудлаа нууцалсаар ирсэн Британийн хаад язгууртнуудын уламжлалыг эвдсэн хэрэг болж байна.

Эх сурвалж: Associated Press

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *