БНХАУ хилийн дэглэмийг эсэргүүцэж Япон, БНСУ-ын иргэдэд визийн хориг тавилаа

Хятадаас ирэх зорчигчдод ковидын хорио цээрийн арга хэмжээ авч байгааг нь эсэргүүцэж Япон, БНСУ-ын иргэдэд БНХАУ визийн хориг тавьжээ.

Япон, Өмнөд Солонгосын засгийн газрыг Хятадын иргэдэд ялгаатай хандаж байгаад буруутгаж тус хоёр улсын иргэдэд богино хугацааны виз олголтоо зогсоох шийдвэрийг урд хөрш гаргасан байна. Иргэдийнх нь эсрэг тавьсан ковидын дэглэм, хилийн хязгаарлалтыг цуцлах хүртэл визийн хоригоо үргэлжлүүлнэ гэж БНХАУ мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос улс Хятадаас ирэх жуулчдад аяллын виз олголтоо зогсоосныг нь БНХАУ байж боломгүй, шинжлэх ухаанч бус шийдвэр гэж хурцаар шүүмжилсэн. Түүнчлэн Өмнөд Солонгос улс БНХАУ-аас ирэх онгоцнуудыг зөвхөн Инчеонд буулгахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ Хятадаас ирэгсдийг Инчеоны буудалд хамгаалалтын хувцастай цэргүүд угтан авч байгаа аж.

Үүнийг нь эсэргүүцэж Сөүл хот дахь БНХАУ-ын элчин сайдын яам БНСУ-ын иргэдэд жуулчлал, бизнес, эмчилгээ, транзит болон бусад богино хугацааны виз олгохоо түр зогсоож байгаагаа мэдэгдсэн.Япон улс ч гэсэн Хятадаас ирэх зорчигчдоос шинжилгээний хариу шаардахаас гадна Хятадаас Японы зарим хот руу хийх нислэгийг хязгаарласан.  

Халдварын тохиолдол өндөр байгаа БНХАУ энэ сарын 8-наас хилээ нээсэнтэй холбогдуулан зөвхөн Өмнөд Солонгос, Японоос гадна дэлхийн олон орон Хятадаас ирэх иргэдийг нэвтрүүлэхдээ шинжилгээний сөрөг хариу шаардаж буй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *