Нобель 2023: Утга зохиолын салбарт шинэ Нобелийн эзэн төрлөө
Нобелийн комисс энэ жилийн шагналтнуудаа тодруулсаар байна. Одоогоор Утга зохиол, Хими, Физик, Анагаах ухааны салбарын шилдгүүд тодорчээ.
Утга зохиолын салбарт шинэ Нобелийн эзэн тодорсон. Утга зохиолын дээд шагналыг Норвеги гаралтай зохиолч Ёон Фоссе авсан байна. Ингэснээр Фоссе утга зохиолын салбарт нэрээ мөнхөлж, 1 сая ам.долларын эзэн болов. Мөн тэрбээр Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн дөрөв дэх Норвеги хүн болж байгаа юм. Жон Олав Фоссе нь 1959 онд Норвегийн Хаугесунд хотод төржээ. Тэрбээр долоон настайдаа ноцтой осолд орсон нь насанд хүрсний дараа зохиол найруулан бичихэд ихээхэн нөлөөлсөн гэнэ.
Анагаах ухааны салбарт: Унгар эрдэмтэн Каталин Карико, Америк эрдэмтэн Дрю Вейсман нар нобелийн шагнал хүртжээ. Тэднийг мРНХ вакциныг бүтээхэд том түлхэц үзүүлсэн хэмээн үзсэн байна. Карико “BioNTech” компанийн дэд ерөнхийлөгчийн албыг 2022 он хүртэл хашиж, үүнээс хойш тус компанийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр Унгар дахь Сегедийн их сургуулийн профессор, Пенсильваны их сургуулийн туслах профессороор ажилладаг. Вейсман мөн Пенсльваны их сургуульд вакцин судлалын профессороор ажилладаг байна.Тэд хамтдаа дархлааны систем мРНХ-рүү дайрч устгахаас сэргийлэх аргыг бүтээсэн юм. мРНХ вакциныг бүтээхэд тулгарч байсан хамгийн том асуудал бол хүний дархлааг мРНХ-рүү довтлохыг зогсоох явдал байсныг тэд шийдсэн аж. “Pfizer/BioNTech”-ийн үйлдвэрлэсэн вакцин нь тэдний бүтээсэн технологи дээр суурилсан вакцин юм. “BioNTech”-ийн мэдээлснээр зургаадугаар сарын байдлаар дэлхий даяар 1.5 тэрбум хүн тэдний вакциныг хийлгэжээ.
Физикийн салбарт: Пьер Агостини, Ференц Краус, Энн Л’Хульер нар энэ жилийн шагналыг хүртэн, шинжлэх ухааны түүхэнд нэрээ мөнхлөв. Тэд атом, молекул доторх үйл явцыг бүртгэж чадах маш богино долгионыг бүтээсэн юм. Энэхүү нээлт нь эрүүл мэндийн салбар мөн электроникийн салбарын технологийг цаашид хөгжихөд түлхэц үзүүлэх боломжтой аж. Атом дотор хэдхэн аттосекундийн (секундийг тэрбум хуваасныг тэрбум хуваасантай тэнцэх хугацаа) электронууд хөдөлдөг. Иймд электронд гарч буй өөрчлөлтийг ажиглах боломжгүй гэж эрдэмтэд боддог байсан юм. Гэхдээ Агостини, Краус, Л’Хульер нар аттосекундийн хурдтай долгион бүтээснээр энэ бүхнийг өөрчилсөн юм. Агостини болон Л’Хульер хоёул Франц гаралтай, гэхдээ Агостини АНУ-ын Охайо мужийн их сургуульд, Л’Хульер Шведийн Лунд их сургуульд профессороор ажилладаг байна. Харин Унгар гаралтай Краус Герман дахь Макс Планкын квант оптикийн хүрээлэнгийн захирал аж.
Химийн салбарт: Квант цэг нэртэй багцалдсан атомуудыг нээсэн Мунги Бавенди, Луи Брус, Алексей Екимов нар шагнал хүртсэн байна. Квант цэгийг LED гэрэл, хавтгай дэлгэц дээр өнгө үүсгэхэд ашиглаж бүүр цаашлаад мэс засалчдад хорт хавдар доторх цусны судсыг харахад тусалдаг хэрэгсэл хийхэд ашигладаг юм. Мунги Бавенди нь Франц улсад төрж, өссөн ч АНУ-руу явж докторын зэргээ хамгаалсан бөгөөд одоо тэрбээр Массачусетсийн технологийн их сургуульд профессороор ажилладаг байна. Харин Луи Брус АНУ-ын Колумбын их сургуулийн профессор аж. Екимов ЗХУ-д төрж, өсөн Вавиловын нэрэмжит улсын оптикийн хүрээлэнд ажилладаг байжээ. Тэрбээр АНУ-руу шилжин суурьшиж, 1999 оноос хойш “Nanocrystals Technology Inc” компанид ахлах судлаачаар ажиллаж байгаа юм.