Б.Жаргалан: Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдсэн
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан:
Сүүлийн жилүүдийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа. Зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн долоо, наймдугаар саруудад 3-4 удаагийн гэнэтийн үер усны үзэгдэл болж, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Хур тунадас их байгаагаас голын усны түвшин болон хөрсний чийгийн хэмжээ нэмэгдэж буй.
Мөн дэлхийн дулааралтай холбоотойгоор өвлийн улиралд гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дулаарахаараа олон жилийн дунджаас 15-20 хэм дулаарч, говийн бүс нутгаар нэмэх хэмд хүрсэн. Харин эсрэгээрээ хүйтрэхээрээ олон жилийн дунджаас 15-20 хэмээр хүйтэрч, уулархаг нутгаар -50 хэм хүрсэн үзэгдлүүд ажиглагдаж байна. Эдгээр үзэгдэл нь цаашдаа ч гэсэн ажиглагдах магадлал өндөр. Өнгөрсөн 9-12 дугаар сард орсон цасны хэмжээгээр нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Улаанбаатар хотод ч мөн адил зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Үүнтэй холбоотойгоор гэнэтийн дулаарал ажиглагдах магадлал өндөр байгаа тул шар усны үер хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд буй.
Энэ сарын 15, 16-ний өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, төвийн аймгуудын нутгаар буюу Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар огцом дулаарах төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар өдөртөө нэмэх хэм хүрч дулаарна. 17-ний өдрөөс эхлэн ихэнх нутгаар огцом хүйтэрч, хүчтэй цасан шуурга болох төлөвтэй байгаа. Мөн хоёрдугаар сарын 18-ний өдөр өмнөх өдрөөсөө 10-20 хэм хүйтрэх төлөвтэй байна. Иймд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг анхааруулж байна.