“S Outlet” дэлгүүрийн барилгыг бүрэн нурааж, 1.5 км үерийн даланг сэргээн босгоно

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг энэ сарын 8-ны өдөр зарласан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “S Outlet” дэлгүүрийн талбайд ажиллалаа.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  Сэлбэ голын голдирлыг өөрчилж барьсан “S Outlet” дэлгүүрийн нэг давхар агуулах болон 3 давхар барилгыг бүрэн нурааж дууссан. Өнөөдрийн байдлаар тус дэлгүүрийн 5 давхар барилгыг нураах, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх ажлууд үргэлжилж байна. Энэ барилгыг нурааснаар хоёр талдаа нийт 1.5 км үерийн даланг сэргээж босгох ажил эхэлнэ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “S Outlet дэлгүүрийн талбайд нийт 4 барилга байснаас өнөөдрийн байдлаар 3 барилгыг нураасан. Одоо 5 давхар барилгыг нураах ажил хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 15-ны дотор дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан хийх, сувагчлалын ажил үргэлжилж байна. Бид өнгөрсөн 2 дугаар сарын 15-наас эхлэн Сэлбэ голын мөсийг Туул гол руу зөөсөн. Энэ ч үүднээс хохирол багатай давж байна гэж үзэж байна. Өчигдөр буюу 4 дүгээр сарын 8-ны өдөр “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг зарласан. Уг ажилд 9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Гэхдээ тендерт шалгарсан ААН ажлаа дуусгасны дараа мөнгийг нь олгохоор гэрээнд тусгасан” гэв.

Түүнчлэн энэ онд нийт 23 байршилд үерийн далан, сувагчлалын ажил хийгдэнэ. Тухайлбал,

-Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарцын замын гүүрний хэсэгт Дунд голын эргийн хамгаалалтын барилгын өргөтгөл, шинэчлэл, засварын ажил

-Сүнжин гранд зочид буудлын хойд хэсэгт Зүүн Уулын үеийн хамгаалалтын сувгийн нурж, эвдэрсэн хэсгийг засварлах

-Баруун Уулын үерийн хамгаалалтын сувгийн нурж, эвдэрсэн хэсгийг засварлах ажлууд хийгдэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *