Гандан хийдэд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд 34,014 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 170 хэргийг хүргүүлжээ.
Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 1, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, өмчлөх эрхийн эсрэг 60, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10, хүрээлэн байгаа орчны эсрэг 5, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, бусад 3 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 62,181 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 62,087 зөрчлийг шийдвэрлэжээ.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 61,395 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 692 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Үүнээс олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2,255, танхайрах 136, хүний биед халдах 353, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 176, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 55,702, бусад 3,465 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд 18,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 176 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 4, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 5, сураггүй алга болсон хүн 25, шүүхээс даалгасан хүн 12 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:
- Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гандан хийдэд шавилан сууж буй хүүхдүүд 2023 оны зургаадугаар сард бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад
- Иргэн И нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр нэн ховор амьтан буюу Мий /Felide/ овгийн Цоохор ирвэс /Uncia uncial/-н түүхий эд болох нэг ширхэг арьс, ховор амьтан буюу Ойн булга /Mates zibellina Linnaeus/-н түүхий эд болох хоёр ширхэг арьсыг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж, 23,760,000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад
- Иргэн Б нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн автомашины гараашинд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад орсон мөнгөн ус /Hg/-ыг 2017 оноос 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалж, шороо угаах зориулалтаар ашигласан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад
- Иргэн Х нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн түүхий эд болох саврыг бусдад худалдахыг завдаж, 1,245,0000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад тус тус шилжүүлжээ.
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
- Булган аймгийн цагдаагийн газарт энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр иргэнээс “Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт Б нь биед халдаж, айлган сүрдүүлээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн. Уг дуудлага, мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад иргэн Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, “Тоз-8” маркийн гар буугаар айлган сүрдүүлж, танхайрсан нөхцөл байдал тогтоогдсон тул дээрх иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай тус аймгийн шүүхэд шилжүүлсэн.
- Энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр цахим орчинд “Санал зөрөлддөг гэхдээ биед нь халдаж болохгүй” гэх гарчигтай нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад “иргэн И нь 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” нөхцөл байдал тогтоогдсон тул зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан”-д зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
Эх сурвалж: ЦЕГ