Өнөөдөр цусны донорын өдөр тохиож байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Австрийн эмч, дархлаа судлаач, Нобелийн шагналт Карл Ландштейнерийн төрсөн өдөр буюу зургаадугаар сарын 14-нийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон 2004 оноос тэмдэглэж ирсэн билээ.

Энэхүү өдрийг цусаа үнэ өртөггүй, сайн дураар өгөхийг уриалдаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Цусны доноруудын байгууллагуудын олон улсын холбоо, Цус сэлбэх олон улсын нийгэмлэг зэрэг байгууллагуудын санаачилгаар тэмдэглэдэг болсон аж.

Ингэснээр бусдад амьдрал бэлэглэсэн ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй, ялангуяа эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх боломжтой юм.

Монгол Улс энэ өдрийг дэлхийн улс орнуудтай хамтдаа тодорхой уриан дор тэмдэглэж, олон үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.

Дэлхий нийтэд сүүлийн 10 жилийн хугацаанд гамшгийн улмаас жил бүр сая гаруй хүн амь насаа алдаж, 250 сая гаруй хүн санамсаргүй тохиолдлоор эрүүл мэндээрээ хохирч байгаа судалгаа байдаг.  Газар хөдлөлт, үер, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшгийн үед хүн ам нэг дор олноор амь эрсдэх тохиолдол ч тулгардаг.

Манай орны хувьд ч байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол болон хувь хүний буруутай үйл ажиллагаа, санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан олон зуун өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага цаг тутамд гарч байна.

Цус болон цусан бүтээгдэхүүн нь жилд олон сая хүний амийг авардаг билээ. Ялангуяа, зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшиг үүссэн онцгой нөхцөл байдалд цус, цусан бүтээгдэхүүн нь олон хүнд амьдрал бэлэглэдэг аж.

ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ЖИЛД 108 САЯ ОРЧИМ ДОНОРЫН ЦУС ЦУГЛАДАГ БӨГӨӨД ТҮҮНИЙ 50 ХУВИЙГ ХӨГЖИНГҮЙ ОРНУУДАД ЦУГЛУУЛАН НӨӨЦӨЛДӨГ БАЙНА.

Цусаа үнэ өртөггүй, сайн дураар өгөхийг уриалдаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Цусны доноруудын байгууллагуудын олон улсын холбоо, Цус сэлбэх олон улсын нийгэмлэг зэрэг байгууллагуудын санаачилгаар 2004 оноос Дэлхийн донорын өдрийг тэмдэглэдэг болсон билээ.

Цусаа өгөхдөө анхаарах зүйлс:
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх
  • Эм, тариа 10-14 хоног хэрэглэхгүй байх
  • Хоногт зургаан цагаас дээш хугацаагаар унтаж амрах
  • Согтууруулах ундааг сүүлийн гурав хоногийн дотор хэрэглээгүй байх
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, өөх тостой хоол хүнс, өнгөтэй ундаа 1-2 хоног хэрэглээгүй байх шаардлага тавьдгийг мэргэжилтнүүд зөвлөж байлаа. Мөн цусаа өгсний дараа
  • Гарын боолтыг 3-4 цагийн дараа авах
  • Удаан хугацаагаар зогсохгүй байх
  • 15 минутаас багагүй хугацаанд амарч, хөнгөн зууш идэх
  • Хоёр хоног шингэн зүйл их уух
  • Ууланд авирах, биеийн хүчний дасгал хийхгүй байх
  • Төмрөөр баялаг хоол, хүнс хэрэглэх
  • 2-4 цагийн дотор тамхи татахгүй байх ёстой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *