Ц.Баатархүү: Монгол Улс Төв болон Зүүн Хойд Азийг холбосон шинжлэх ухаан, технологийн паркуудын гүүр болно

Азийн Шинжлэх ухааны паркуудын холбооны 27 дугаар их хурал /ASPA -2024/ Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Уулзалтад 11 орны 200 гаруй шинжлэх ухааны болон мэдээллийн технологийн паркийн удирдлагууд цугларч илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Тус олон улсын хурлыг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар инновац, түүний дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, нийтийн мэдээллийн дэд бүтцийг ирэх 4 жилийн хугацаанд хүн бүрт тэгш хүртээмжтэй байх томоохон зорилт тавьж ажиллаж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг төрийн бодлогоор дэмжин салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ялангуяа мэдээллийн технологийн салбарыг улс орныхоо эдийн засгийн нэг тулгуур багана болгох чиглэлд анхаарч ажиллана.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг мэдээлэл технологийн үндэсний паркад тулгуурлан байгуулна. Виртуал бүсэд бүс нутгийн төдийгүй дэлхийн мэдээллийн технологийн компаниудыг үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахаар зорин ажиллана” гэдгийг онцлов.
Шинжлэх ухаан, технологийн паркуудын бүс нутгийн хөгжилд хүлээх үүрэг, үзүүлэх нөлөө” сэдэв дор зохион байгуулагдаж буй тус хуралд шинжлэх ухааны паркууд хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, санхүүжилтийг олон нийт болон төрийн зүгээс хэрхэн шийдэх, түүнийгээ хэрхэн үр дүнтэй зарцуулах, гарааны компаниудыг яаж дэмжих талаар туршлага солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын саналууд зэргийг ярилцах үр дүнтэй уулзалт болно гэсэн хүлээлттэй байна.
Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны энэ удаагийн хурлын үеэр тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улс өөрийн гэсэн төлөөлөлтэй болсон юм. Ингэснээр Төв Ази, Зүүн Хойд Азийг холбосон Шинжлэх ухаан, технологийн паркуудын гол гүүр нь болох боломжтой болж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *