“НӨАТ зарна, шивнэ” гэх зар байрлуулж 1119 ширхэг баримт хуурамчаар үйлдэн худалджээ
Иргэн Д.Б, Х.А, Г.Б нар бүлэглэн нийгмийн сүлжээнд “НӨАТ зарна, шивнэ” гэх зар тавьжээ.
Улмаар 25.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 1119 ширхэг санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэн 216 аж ахуйн нэгж, иргэнд худалдсан. Ингэж бусдад 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэх хэрэгт холбогдсон байна.
Прокурорын байгууллагаас Д.Б, Х.А, Г.Б нарт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1/Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйл.Татвар төлөхөөс зайлсхийх
1.Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.