Ерөө сум руу морьтойгоо гараад сураггүй болсон малчинг эрэн хайх ажиллагааг зогсоожээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Гүн толгой гэдэг газар малчин Ж нь есдүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчинд гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон.
Маргааш нь буюу есдүгээр сарын 21-ны 12:00 цагийн орчинд морь нь усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн бөгөөд аймгийн цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.
Иймд онцгой байдлын газраас эрлийг үргэлжлүүлэн зохион байгуулж өчигдөр 08:00 цагаас Жаргалант сумын Бумбат багийн Наян миль гэдэг газраас баруун зүгт Цагаан-Эрэг гэдэг газар хүртэл нийт 65 км-т Ерөө голын усаар завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, 19:00 цагт зогсоосон байна.