Ж.Энхбаяр сайдын багцад 550 тэрбумыг “хувийн хэвшилд татаас” нэрийдлээр 2025 оны төсөвт суулгах нь ариун явдал уу?
УИХ-ын Намрын ээлжит чуулганаар ирэх оны Улсын төсвийг баталдаг. Энэ удаагийн парламентын анги 126 гишүүнтэй, улс төрийн олон намын төлөөлөл багтсан, Хамтарсан Засгийн газар байгуулсан гэдгээрээ онцлогтой парламент.
Тэр ч утгаараа олон намын төлөөлөл, жагсаалтаар сонгогдсон салбар салбарын шилдэг мэргэжилтнүүд Улсын төсвийн хэлэлцүүлэгт хянамгай хандаж, чамбай төсөв батлагдана гэсэн хүлээлт байсан. Гэвч өнөө л нийгэмд хардлага сэрдлэг, бухимдал дагуулсан ЖДҮ сан, БЗСангийн тэргүүтэй чанаргүй зээлийн асуудал, төрөөс татаас нэрээр олгодог “боловсон хахууль” 2025 оны Улсын төсөвт ч нэрээ нууцлан шургалахаар олон хуудас цаасан дунд хавчуулагдан батлагдах гэж байсныг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал гярхай олж харж Аж үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаан дээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг “байцааж” багагүй бухимдуулаад авчээ.
Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад 550 тэрбум төгрөгийг “хувийн хэвшилд татаас” хэлбэрээр өгнө гэж төсөвт тусгасан байж. Энэ нь өнөө алдарт “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” тэргүүтэй төрөөс угжуулж, татвар төлөгчдийн мөнгийг шимэгчилж амьдардаг цөөн нөхдийн бизнес шүү дээ? Одоогоос жил хагасын өмнө УИХ-ын Дэд даргаар ажиллаж байсан С.Одонтуяа, “/ТЭДС/-гаас зээл аваад төлөөгүй томоохон компанийн материалыг жалганд аваачиж шатаасан гэдгийг хэвлэлээр бичиж байлаа. Өрийг нь яаж барагдуулах юм бэ. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өрийг ил болгох хэрэгтэй” гэж өнгөрсөн гуравдугаар сард хуралдсан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдэж байв. Эл асуудалд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Х.Болорчулуун хариулт өгөөгүй өнгөрч байсан түүхтэй.
Гэтэл түүх дахин давтагдаж өөрөө хөдөө аж ахуйн салбарын ашиг сонирхолтой, ЖДҮ сангаас газар тариалангийн бизнестээ их хэмжээний хөнгөлөлттэй зээл авч асан, Ерөнхийлөгчийн хүн гэгдэх Ж.Энхбаяр өөрийн сайдын багцад “Хувийн хэвшилд олгох татаас” нэрийдлээр 550 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?
Гэтэл улс орон даяар эрчим хүчний алдагдал 350 тэрбум төгрөгт хүрч, алдагдлыг нөхөхийн тулд иргэдийн нуруун дээр төлбөрийн үнийн өсөлт буух гээд байхад шүү дээ?
Р.МАНДУУЛ