Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр (2024.11.22) Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газар, Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн туслалцааны төв, Хүний эрхийн үндэсний комисс, нийслэл, дүүргийн холбогдох байгууллагуудын албан хаагчид, хүний эрхийн чиглэлийн төрийн бус байгууллагууд болон иргэдийн төлөөлөл бүхий 60 гаруй оролцогч хамрагдаж, хуулийн шинэчлэл, өөрчлөлттэй холбоотой санал шүүмж, байр сууриа илэрхийлэв.
Хуулийн төсөл дэх зарим өөрчлөлтөөс дурдвал, жагсаал, цуглаан хийх журмын тухай одоогийн хуульд “улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар..” гэж тусгайлан заасныг өөрчилж, ямар ч асуудлаар жагсаал, цуглаан хийх боломжийг нээсэн байна. Түүнчлэн мэдэгдэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах эрх бүхий этгээд нь албан тушаалтан байгааг Цагдаагийн байгууллага хэрэгжүүлэхээр өөрчлөх, зайлшгүйгээс бусад хориглолт, хязгаарлалтыг аль болох багасгахын зэрэгцээ тус эрхийг хориглосон, хязгаарласан агуулгатай захиргааны акт баталж, мөрдүүлэхийг хориглох зэрэг шинэчилсэн заалтууд багтжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүний эрх, эрх чөлөөг хангах, ялангуяа иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх жагсаал, цуглаан хийх эрхийг баталгаажуулах, хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төрийн бодлого, шударга ёсыг бэхжүүлэх зорилгоор дараах хуулийн төслийг УИХ-ын энэ намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж мэдэгдлээ. Нөгөө талаас, иргэн Н.Дамдинсүрэн “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нэрнээсээ эхлээд өөрчлөлт, шинэчлэл хийснийг онцлоод иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдээд, жагсаж, цуглаж байхад цаг заахгүй байх ёстой” зэрэг саналаа илэрхийлсэн.
Хуулийн төслийн дараагийн хэлэлцүүлгийг олон нийтэд мөн нээлттэй зарлах юм.