|

Сурагчдын үдийн цайг хийх тоног төхөөрөмжид 23 тэрбум төгрөг төсөвлөнө

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны тогтоолоор байгуулсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр буюу 2021.05.19-нд Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 58, 25 дугаар сургуулиудад ажиллалаа.

Улсын Их Хурлаас 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу 2022 оны хичээлийн жилээс 1-6 дугаар ангийн сурагчдад сургууль дээр нь үдийн хоол өгдөг болох тул хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Байнгын хорооноос тус Ажлын хэсгийг гаргасан.

Улмаар Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Г.Дамдинням, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан нар өнөөдөр Ажлын дэд хэсэгт ажиллаж буй холбогдох байгууллагын албан тушаалтан, эрдэмтдийн хамт сургуулиудад ажиллахдаа хуулийн хэрэгжилтийг хангахад яаралтай шийдвэрлэх, засах асуудлын талаар ярилцаж, гарц гаргалгааг эрэлхийллээ.

Мөн сурагчдад халуун хоолоор үйлчлэхэд зориулсан гал тогоог тоноглоход нэн шаардлагатай 23 тэрбум төгрөгийг эхний ээлжинд ирэх оны төсөвт суулгахын тулд төсөв хэлэлцэхээс өмнө Байнгын хорооны хуралдаанаараа цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл хэлэлцэж, холбогдох байгууллагуудад чиглэл өгөх талаар санал солилцжээ.

 

Эх Сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *