М.Батбаяр: “Цахим наадмыг 10 тэрбумаар тэмдэглэнэ” гэж хольж хутгахгүй байхыг хүсье
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос өнөөдөр /2021.06.26/ үзэгчгүй наадам зохион байгуулахтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Мэдээллийг Соёлын дэд сайд М.Батбаяр, Үндэсний урлагийн их театрын Ерөнхий захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар өгсөн.
Мэдээллийн үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү ” Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үзэгчгүй, цахимаар зохион байгуулна.
Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан бүтэн жил үргэлжлэх 45 арга хэмжээний 10 тэрбум төгрөгийн төсвийг Үндэсний их баяр наадмын төсөвтэй хольж, хутган, андуурч байгаа асуудлыг залруулах хэрэгтэй” гэлээ.
Тодруулбал, өмнөх жилүүдийн наадмын төсөв 2.8-3 тэрбум төгрөгийн хооронд байж. Энэ жилийн хувьд ч өмнөх жилүүдийн төсвөөс хэтрүүлэхгүй зохион байгуулах аж.
Соёлын дэд сайд М.Батбаяр “Наадмын комиссын зүгээс Ардын хувьсгалын 100 жилд зориулсан бүтэн жилийн арга хэмжээний төсөв болоод Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх төсвийг салгаж ойлгохыг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдээс хүсье.
Нийгмийн сүлжээнд яригдаад байгаа 10 тэрбум төгрөгийн зардал бол Ардын хувьсгалын 100 жилийн ойг бүтэн жилийн хугацаанд тэмдэглэх, зохион байгуулах 45 арга хэмжээний төлөвлөгөөний зардал юм. Саяхан Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхэд зарцуулах хөрөнгөөс хэмнэлт хийж, эрүүл мэндийн салбар болон ковидтой тэмцэхэд зарцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Одоо УИХ-аар төсвийн зарцуулалтыг шилжүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Гэхдээ энэ нь Үндэсний их баяр наадам тэмдэглэхтэй огт холбоогүй, тусдаа арга хэмжээ гэдгийг зөв ойлгох хэрэгтэй” гэлээ.