Японы гүнж асан Мако нөхрийн хамт АНУ-ыг зорьжээ
Язгуур хэргэмээсээ татгалзаж, энгийн иргэнтэй гэрлэсэн Япон улсын гүнж асан Мако өчигдөр буюу Ням гарагт нөхөр Кэй Комурогийн хамт АНУ-ын Нью-Йорк хотод иржээ.
Тэд өнгөрсөн сард даруухан хуримласныхаа дараа Японы эзэн хааны ордноос явсан юм. Хос хоёр Нью-Йорк хотын Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудалд газардаж буйг өчигдөр Японы телевизүүд үзүүлжээ.
Экс гүнжийн нөхөр Комуро нь Нью-Йорк хотод хуулийн сургууль төгсөөд ажиллаж байгаа юм. 2017 онд сүй тавьсан тэдний гэрлэлт саад бэрхшээлтэй тулгарсан нь хэвлэлээр цацагдсан дуулиантай холбоотой байв.
Япон улсын хуулиар эзэн хааны гэр бүлийн гишүүн эмэгтэй жирийн хүнтэй гэр бүл болсон тохиолдолд язгуур хэргэмээсээ татгалзаж, $1.35 саятай тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэлэг авдаг.
Засгийн газрын төсвөөс гардаг энэ мөнгийг экс язгууртны шинэ амьдралыг төвхнүүлэхэд зориулдаг юм. Гэтэл сүйт залуу Комурогийн ээж салсан нөхөртөө их хэмжээний өртэй, засгийн газрын тэтгэлэг энэ өрийг барагдуулахад зарцуулж болзошгүй гэсэн дуулиан Японы хэвлэлүүдээр цацагдаж байв. Энэхүү дуулианы улмаас залуу хос гэрлэлтээ хойшлуулж, Мако гүнж сэтгэл зүйн хямралд орж байжээ. Харин сүүлд Мако засгийн газрын тэтгэлгээс татгалзсан нь дуулианыг намжааж, хуримаа хийх боломж олгосон юм.
Комуро амьдрах байраа бэлдсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлсэн ч Нью-Йоркийн аль дүүрэгт, ямар байранд амьдрах талаар мэдээлэл тодорхойгүй байна. Сүүлийн жилүүдэд уламжлалт язгуур хэргэмээсээ татгалзаж, өөрийн хүч чадлаар амьдрахаар АНУ-ыг зорьсон хоёр дахь хос Мако, Комуро нар болж байна. Өмнө нь Их Британийн хунтайж Харри гэргий Меган Маркл нар мөн хатан хааны гэр бүлээс салж, АНУ-ыг зорьсон юм.
Эх сурвалж: AFP