Ц.Мөнхцэцэг : Төрөөс Их сургуулиудад судалгааны санхүүжилтийг олгодог байх нь чухал
“CLUBHOUSE”-т болсон “Дээд боловсрол ба Судалгааны их сургууль” хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хэлсэн байр суурийг хүргэж байна.
Тэрбээр “Нэгдүгээрт, Монгол Улсад анх удаа судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулсан буюу дээд боловсролын цоо шинэ зохицуулалт юм. Тийм учраас бид дэлхийн туршлагыг маш их судалж байгаа. Олон улсын чиг хандлагыг харахад 2013 оны Хивен тунхаглалд тусгагдсанаар Судалгааны их сургууль ямар байх ёстойг зааж өгсөн байдаг. Тухайлбал, нээлттэй засаглалтай, олон улсын хэмжээнд мэргэжилтнүүдийг татдаг, судалгааны ёс зүй нь маш өндөр түвшинд байдаг гэх мэт. БШУЯ-наас өргөн барьсан хуулийн төсөлд олон улсын туршлагыг тусгах хэдий ч УИХ дээр өөрчлөлт хийх зарчмын зөрүүтэй саналууд байгаа.
Ер нь Судалгааны их сургуулийн үндсэн үйл ажиллагаа нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил бөгөөд шинжлэх ухааны шинэ мэдлэгийг бий болгон, ахисан түвшний сургалтыг түлхүү явуулж, өөрийгөө хөгжүүлж хөрвөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгддэг. Засаглал нь профессоруудынхаа мэдэлд байдаг, шийдвэр нь багш судлаачдынхаа зарчим дээр үндэслэж гардаг байх ёстой. Энэ агуулгаар хуулийн төслийг боловсруулах ёстой.
МАН-ын 2020 оны сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт судалгааны их сургуулийг онцолж зааж өгсөн байдаг. Тухайлбал,
– Эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийг сургалт, судалгаа хөгжүүлэлт, соён гэгээрэл, инновацын цогцолбор болгон хөгжүүлнэ.
– Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, шинжилгээний чадавхыг дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг дөрөв дахин нэмэгдүүлнэ.
– Төрийн өмчийн их, дээд сургуулиудын урсгал болон судалгааны зардалд төрөөс дэмжлэг үзүүлнэ.
– МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эдгээр заалтуудад үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.14.”Төрийн өмчийн их, дээд сургуулиудын судалгааны болон бусад зардалд төрөөс зарим дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалт орсон.
Судалгааны их сургуулийн гол онцлог бол улс төрөөс хараат бус, академик удирдлагатай, судалгааны ажил явуулахад төрийн болон олон нийтийн дэмжлэг үзүүлдэг, санхүүжилтийн хувьд олон төрлийн бөгөөд биеэ даасан байх ёстой.
Хоёрдугаарт, Монголын их дээд сургуулиудын судалгааны чадавхийг дэмжих асуудал их чухал байна. Энэ нь санхүүжилтээс шууд шалтгаалж байгаа. 2018 оноос хойш төрийн өмчит их сургуулиудад үйл ажиллагааны болон хөрөнгийн санхүүжилтийг төрөөс олгохоо больсон тул санхүүжилт оюутнуудын сургалтын төлбөр дээр тогтож байна.
Энэ нь их сургуулиудын судалгааны чадавхийг хөгжүүлэх, олон улсад үнэлэгдэхүйц судалгааны бүтээл гаргасан багш нарын судалгааг дэмжихэп хүндрэл учруулж байна. Дээд боловсролын санхүүжилтыг шийдэхийн тулд бид суурь үзэл баримтлалыг ярих ёстой. Дэлхийн олон их сургууль, ялангуяа Европын их дээд сургуулиуд үндсэндээ төрөөс санхүүждэг.
Мөн томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн их сургууль, том төслүүдийг санхүүжүүлж явдаг. Тэгвэл Америк маягийн дээд боловсролын тогтолцоо либераль хандлагад үндэслэж, цэвэр зах зээлийн өрсөлдөөний зарчмаар оюутны төлбөрөөрөө санхүүжилтээ босгодог. Ингэхдээ цөөн тооны шилдэг оюутныг тэтгэлгээр сургадаг. Манай улс хүн ам цөөтэй улс учраас боловсрол,эрүүл мэнд хэмээх нийгмийн суурь үйлчилгээг төр авч явдаг Европын загвар тохирно гэж үздэг. Дээд боловсролын сургалтын байгууллагуудыг магадлан итгэмжилж, чанарыг үнэлэн тэр хэмжээгээр санхүүжилтийг төрөөс олгодог, их сургуулиудад судалгааны санхүүжилтийг олгодог байх нь чухал гэж үзэж байна” хэмээн онцоллоо.
Odoo olon ih surguuliin chadwarlag bagsh nariig negtgej institut akademi baiguulaad sudalgaa hiij baiwal zugeer gej bodloo. Amjilt