Вакцины нэмэлт тун эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өндөр хувиар сэргийлж байна
“COVID-19”-ийн вакцины нэмэлт тун “омикрон” хувилбараар халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс 90 хувиар сэргийлж байна гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлжээ.
Тус төв АНУ даяар анагаах ухааны хүрээлэнгүүдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн “Pfizer”, “Moderna” компанийн вакцины нэмэлт тунгийн үр дүнгийн талаар судалсан байна.
Ингэхэд тэдгээр вакцины хоёр тун “дельта” хувилбарын тархалтын үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс 81 хувиар хамгаалж байсан бол “омикрон” хувилбар давамгайлан тархах үед энэ үзүүлэлт 57 хувьд хүрч буурчээ. Харин нэмэлт тунг тариулснаар вакцины үр дүн “дельта” хувилбарын давлагааны үед 94 хувьд, “омикрон” хувилбарын тархалтын үед 90 хувьд хүрч тус тус өссөн байна.
Мөн вакцинд хамрагдаагүй 50-64 насны иргэдийн “COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх магадлал вакцинд бүрэн хамрагдаж, нэмэлт тунг тариулсан хүмүүсийнхээс 44 дахин өндөр байжээ.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Рошель Валеньский энэхүү судалгааны үр дүн нь нэмэлт тун хүмүүсийг хүндээр өвчлөхөөс өндөр хувьтай сэргийлж байгааг харуулж буй цохон тэмдэглээд, нэмэлт тунд хамрагдах боломжтой хүн бүрд вакцин хийлгэхийг уриалсан байна.