Мариуполь дахь Украин цэргүүд бууж өгөхөөс татгалзжээ
Ням гарагт (2022.04.17) ОХУ-аас Мариуполь хотод тулалдаж буй Украин болон гаднын орноос ирсэн хөлсний цэргүүдэд галт зэвсгээ орхин, бууж өгөхийг санал болгосон билээ. Москвагийн цагаар ням гарагийн 06:00-13:00 цагийн хооронд бууж өгвөл тэдний аюулгүй байдлыг хангана гэж ОХУ-аас мэдэгдээд байсан. Цэргүүдийг Киевээс бууж өгөх зөвшөөрөл өгөхийг хүлээлгүй өөрсдөө шийдвэр гаргахыг Москвагаас уриалсан юм.
Харин энэхүү саналыг Украины цэргүүд хүлээн авсангүй. Тус улсын Ерөнхий сайд Денис Шмихал хэлэхдээ ОХУ-аас бууж өгөхийг шаардсан ч Мариуполь хотод буй цэргүүд одоог хүртэл тулалдаж байгаа гэжээ. Дайн эхэлснээс хойш Орос цэргүүд Украины томоохон хотуудаас нэгийг ч буулгаж авч чадаагүй байгаа юм. Харин энэ байдал тун удахгүй өөрчлөгдөж, Мариуполь хот ОХУ-ын хяналтад орох нь тун ойрхон байгаа хэмээн Москвагаас мэдээлсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ