А.Хишигбаяр: Өндөр хэрэглээтэй 30 мянга, доод буюу улны ангилалд 70 мянган өрх бүртгэлтэй байдаг
Хүн амын амжиргааны түвшинг тодорхойлохдоо хамгийн бага орлоготой, хамгийн бага хэрэглээтэй айл өрхийг улны айл өрх гэж тодорхойлдог тухай мэдээлэл иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй. Улны гэх нэршил нь bottom буюу хамгийн доод хэсэг, ёроол гэх үгнээс орчуулан хэрэглэдэг аж.
Үүнтэй холбоотойгоор ХНХЯ-наас мэдээлэл хийж дээрх үгийг хэрэглэж буй үндэслэлээ тайлбарлалаа. Тодруулбал ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр “Үндэсний статистикийн хороо өрхийн амжиргаанд туссан ядуурлыг нь зарладаг. Ингэж зарлахдаа хүн амыг хэрэглээний тэнцүү таван бүлэгт хувааж өрхийн амжиргааг үнэлдэг.
Нийгмийн халамжийн хуулийн төслийн хүрээнд зорилтот бүлэг буюу нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай иргэдээ сонгоход тодорхой аргачлал хэрэглэх ёстой гэж хуулчилсан. Энэ аргачлалыг Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд батална гэж хуульчилсан.
Өнөөдөр Монгол Улс олон улсад хэрэглэдэг орлогыг орлуулан тооцох аргачлалыг өрхийн орлогоо тодорхойлоход ашиглаад явж байна. Энэ аргачлалын хувьд хамгийн бага хэрэглээтэй, өрхүүдээ bottom гэдэг үгнээс орчуулаад явдаг. Энэ нь хамгийн бага орлоготой, хамгийн бага хэрэглээтэй өрх гэдэг байдлаар тодорхойлоод явдаг.
Тав ангилахдаа оноогоор ангилдаг. 0-1000 оноо хүртэл өрхөө үнэлдэг. 0-320 хүртэл оноо авсан өрхүүдээ доод буюу зорилтот бүлгийн хамгийн бага хэрэглээтэй.
1000 оноотой бол илүү өндөр хэрэглээтэй, 400-700 оноотой өрхөө дундаж гэж нэрлээд явдаг. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд байгаа бүх өрхүүд манайд бүртгэгдэггүй. Орлогын орлон тооцох аргачлалаараа явсан өрхүүд бүртгэгдсэн байдаг.
Нийт 520 мянган өрхийн бүртгэл байгаагаас 30 мянга нь дээд бүлэгт, дундаж бүлэгт 213 мянган бүлэг байна, бага хэрэглээтэй өрхийн хувьд 70 мянган өрх байна” гэлээ.