Хавьтал илрүүлэх зорилготой ЦААСАН АСУУМЖ хэнд ч хэрэггүй ХОГ болдог
Цар тахлын аюулаас урьдчилан сэргийлж олон улсын жишгийн дагуу ард иргэдийг зорчсон нийтийн тээврийн хэрэгсэл төдийгүй үйлчилгээ авсан байгууллага, албан газар бүртээ QR кодыг уншуулж, явсан газрынхаа маршрутыг гаргаж байх шаардлагыг УОК гаргаад жил тойрч байна.
Энэ арга нь халдварын тохиолдол батлагдсан үед тандалт судалгааг хийхэд илүү амар болгох зорилготой. Мөн эрсдэлтэй орчноор зорчиж, шууд болон шууд бусаар хавьтагч болсон иргэдэд e-barimt аппликэйшнээр дамжуулан мэдэгдэл өгөх боломжтой гэж тооцсон. Энэ ажлын хэрэгжилтийг Харилцаа Холбоо Мэдээлэл Технологийн Газар хариуцаж ажиллаж байгаа.
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд QR код уншуулах, цаасан асуумж бөглөхийг шаардаж байгаа. Тэр дундаа Төрийн ордон, яам, тамгын газар, шүүх, цагдаа, прокурор зэрэг Төрийн тусгай хамгаалалттай обьектод нэвтрэхдээ цаасан асуумж бөглүүлж буй.
Асуумж бөглүүлэх ажлыг 2020 оны 12 дугаар сарын 16-наас эхлүүлсэн гэхээр өнөөдрийг хүртэлх хугацаанд хэдэн мянган хуудас цаасан асуумж, хувийн мэдээлэл хадгалагдсан нь ойлгомжтой.
Мөн хүний хувийн нууцад хамаарах мэдээллийг технологийн шийдэл ашиглан бүртгэж байгаа нь хүний эрхийн зөрчил гэдгийг ХЭҮК-оос гаргасан. Нөгөө талаас цаасан асуумжийг бодит байдал дээр зорилгын дагуу ашиглаж байгааг сонирхоход албаныхны мэдээллээс огт өөр дүр зураг угтлаа.
Халдвар хамгааллын журмын дагуу хүн гадна орчноос өөрийгөө аль болох тусгаарлан, нянгийн халдварлалаас хамгаалах, олон хүний гар дамжсан зүйлд хүрэхгүй байх гэх мэт дүрмийг сахих ёстой. Гэвч нэг өдөрт олон арван хүн нэг үзгээр нэр, регистр, утасны дугаараа бүртгүүлж байгаа нь халдварын эрсдлийн нэмэгдүүлэхээс хэтрэхгүй байв.
Улмаар уг цаасан бүртгэл цааш хэний гарт очин, хувь хүний нууц мэдээллийг хаана хамгаалж, ямар системээр боловсруулан дата болгож буй нь тодорхойгүй байсан юм.Тухайлбал дээрх ажлын хэрэгжилтийг хангаж буй Харилцаа Холбоо Мэдээлэл Технологийн Газраас энэ талаар тодруулахаар очиход үүднээсээ нэвтрүүлэхгүй, албан ёсоор мэдээлэл өгөх хүн олдсонгүй.
Нэр, албан тушаалаа хэлээгүй нэгэн ажилтнаас цаасан асуумжийг нэгтгэн, дата мэдээлэл болгон ашиглаж байгаа эсэхийг лавлахад “Гэнэтийн болон тогтмол шалгалт явагдаж, аж ахуйн нэгж, албан байгуллагуудаас бүртгэлийн хуудсыг шалгадаг. Ингэхдээ хамгаалалтын албаны зөвшөөрлийн дагуу, архивлагдсан байгаа хуудсуудыг харж, тоон баримт гаргаж, чиглэл авдаг” гэх хариулт өглөө.
Хүний Эрхийн Үндэсний Комиссоос УОК-д хүргүүлсэн хүний эрхийг зөрчсөн асуудлыг эргэж харахыг даалгасан нь үндэслэлгүй зүйл биш гэдэг нь бодит нөхцөл байдалд батлагдсан юм.Нэг ёсондоо E-barimt системд суурилсан бүртгэл нь цар тахлаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад гарцаагүй шаардлагатай, үр нөлөөтэй байх эсэх нь эргэлзээтэй, хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийг зөрчсөн, зорилгодоо тохирсон эсэх талаарх үндэслэл, баримт алга.
Мөн нийслэл хотын А бүсэд байрлах зарим албан байгууллага, үйлчилгээний газруудын ажилтнаас цаасан бүртгэлийг яаж ашиглаж байгааг тодруулахад олонх нь “Мэдэхгүй, хамгаалалтын албандаа өгдөг. Файл хэлбэрт оруулдаггүй, хуучирсныг нь хаядаг” гэж хариулсан юм.Хавьтал илрүүлэх зорилготой цаасан асуумж ийнхүү хэнд ч хэрэггүй хог болж байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, үр дүнтэй арга хэлбэрт шилжүүлнэ биз ээ.
П.УНДРАХ
энэ цаасаар бөглөдөг зүйлээ болио.QR системээ тухайн цэг дээр уншихад бүртгэгдлээ гэсэн мэдээллийг тэр цаас барьж суугаа нөхөртөө хардаг хяналтын эрхийг нь өг.тгд л боллоо.үнэн уншигдсан эсэхэд нь тэр хүн нь хяналтаа тавь.баахан хүн бөөгнөрүүлээд л бүр их хавьтал бөөгнөрөл үүсгэдэг.эсвэл иргэн бүрээ QR code.той болго тэрийг нь төхөөрөмжөөр уншуул