Өмнөд Суданы ерөнхийлөгч олны нүдэн дээр өмдөндөө шээсэн нь хил дамнасан маргааны сэдэв болжээ
Өмнөд Судан улсын ерөнхийлөгч Салва Киир саяхан болсон ёслолын арга хэмжээний үеэр өмдөндөө шээсэн нь телевизийн шууд дамжуулалтын дүрснээс ил болсон юм.
Өнгөрсөн долоо хоногт шинэ зам нээх ёслолын арга хэмжээнд оролцож байхдаа 71 настай Киир юу болж байгааг огт мэдээгүй шинжтэй зогсож байлаа.
Телевизийн зураглаачид үүнийг анзаараад камерыг өөр зүгт чиглүүлсэн байна. Гэсэн ч ерөнхийлөгчийн эвгүй байдалтай байгааг харуулсан дүрс бичлэг сошиал орчинд таржээ.
Бичлэг Өмнөд Суданаас гадна хөрш Уганда, Нигери, Кени улсуудын сошиал ертөнцөд тарж, маргааны том сэдэв болсон байна. Зарим нь түүнийг хэт удаан ерөнхийлөгчөөр ажилласнаас эрүүл мэндийн шаардлага хангахгүй болж байгаад санаа зовжээ.
Өмнөд Судан улс 2011 онд хөрш Суданаас салж, тусгаар тогтносон бөгөөд тэр үеэс хойш Киир тасралтгүй ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Дараагийн сонгууль 2024 онд төлөвлөгджээ. Зарим нь түүнийг үймээн самуун, өлсгөлөн, ядуурал, хямралаар дүүрсэн Өмнөд Суданыг удирдах чадваргүйгээ харууллаа хэмээн шүүмжилж байна. Харин зарим нь өндөр настай хүнийг хүндлэлгүй, дүрсийг нь тарааж, шоолж буй бусдыгаа шүүмжилжээ.
Өмнөд Суданы сөрөг хүчний улс төрч Вани Майкл “Та нар ерөнхийлөгчийг дураараа элэглэж болно. Гэхдээ бид хүнлэг ёсны үүднээс түүний өндөр насанд хүндэтгэлтэй хандах ёстой. Бид хэдийгээр түүний засгийн газрын бодлогыг эсэргүүцдэг ч эрүүл мэндийнх нь асуудлыг доромжлох зорилгоор ашиглахгүй” гэж мэдэгдсэн байна.
Салва Киир бүрэн эрхийнхээ ихэнх хугацаанд өөрийн өрсөлдөгч Риек Мачарын бүлэглэлтэй цуст иргэний дайн явуулснаас олон зуун мянган хүний амь үрэгдээд байгаа.
“Таны ирээдүй ч ийм байх боломжтой тул Салва Киирийг доромжлохдоо болгоомжтой байгаарай” гэж Уганда улсын парламентын гишүүн Дауди Кабанда сошиал хуудсандаа өмөөрөн бичжээ.
Нигерийн сенатор Шеху Сани “Энэ нь нэг бол шээс алдах өвчин, эсвэл эх оронч үзлийн туйлын илрэл ч байж болно. Төрийн дуулал эгшиглэж байхад өвчнөө үл хайхран зогсож байна шүү дээ” гэж хошигнон бичсэн байна.
“Ерөнхийлөгч Киир одоо эрүүл мэндийн шалтгаанаар нэр хүндтэйгээр ажлаа өгөх хэрэгтэй гэж би бодож байна. Гэхдээ намайг шүүмжлэгчид энэ санааг минь улс төржүүлэх байх” гэж Кени улсын алдартай хуульч Эстер Ангава ярьжээ.
Судан Пост сайтын мэдээлснээр болсон явдлын дүрс бичлэгийг тараасан сэтгүүлчийг цагдаа нар эрэн сурвалжилж эхэлсэн гэнэ.
Бас бичлэг үйлдсэн сэтгүүлч баривчлагдсан гэх цуурхал тарсан ч Өмнөд Суданы Сэтгүүлчдийн Холбоо үүнийг няцаажээ.
Эх сурвалж: ikon.mn