Эрхэлсэн ажилгүй иргэд хаврын цэвэрлэгээнд нэгдэх боломжтой

Хаврын цэвэрлэгээний аянд Монголын Сууц Өмчлөгчдийн Холбоодын Дээд Зөвлөл(МСӨХДЗ) нэгджээ.

МСӨХДЗ-ийн гүйцэтгэх захирал М.Галбаатар “МСӨХДЗ-өөс 2023 оныг Сууц Өмчлөгчдийн Холбоо(СӨХ)-ны эрх зүйн орчныг сайжруулах, мөн хүүхдэд таатай орчин бүрдүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд хийх эхний ажил маань Хаврын цэвэрлэгээний аянтай уялдаж байна.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1,600 гаруй СӨХ-ны хүүхдийн тоглоомын талбайнуудад үзлэг, шалгалт хийсэн. Үүний дүнд нийслэлийн хэмжээнд 138 тоглоомын талбайд засвар, үйлчилгээ хийх шаардлагатайг тогтоогоод байна. Тэгэхээр

  • Эхний ээлжид бид нийтийн зориулалтын орон сууцны ойр орчимд байгаа хүүхдийн тоглоомын талбайг угаах ажлыг зохион байгуулна.
  • Хороолол, хотхон, байрны фасад, хашлага, хайсыг цэвэрлэнэ” гэлээ.

Мөн НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Багшийн дээдийн явган хүний гарцыг өөрсдийн санаачилгаар цэвэрлэсэн залууст Хотын даргын өмнөөс талархал илэрхийлье. Цаашид энэ төрлийн олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухай мэдээлэл авсан тул залуусыг аюулгүй байдлаа сайтар хангах шаардлагатайг зөвлөе.

Явган хүний гарцыг цэвэрлэж байгаа залуусыг хараад гадаах талбайгаа цэвэрлэж байсан аж ахуйн нэгжүүдэд мөн талархаж байна. Энэ бол угаалга цэвэрлэгээнээс илүүтэй нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн ажил боллоо” хэмээв.

Түүнчлэн тэрбээр “Цэвэрлэгээнд иргэдийн бүлгийг оролцуулахаар болсон. Иймд эрхэлсэн ажилгүй байгаа иргэд оролцох нь нээлттэй” гэлээ. 

Хаврын цэвэрлэгээнд 100-140 хүнтэй иргэдийн бүлэг байгуулж, хагас цагаар буюу өдөрт таван цаг ажиллуулах юм байна. Бүлэгт ажиллах сонирхолтой иргэд УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэст хандах боломжтойг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *