“Нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ аюултай түвшинд хүрсэн”
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг танилцуулж байна. ДЭМБ-ын судалгаагаар олон улсын түвшинд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 6.2 л байх бөгөөд энэ үзүүлэлт 8-аас дээш гарсан тохиолдолд тухайн улс үндэстэнд аюул учирсан гэж үздэг. Гэтэл манай улсын хувьд 18-аас дээш насны нэг хүнд 2018 онд 9.2 л архи дарс, 28.9 л шар айраг 2019 онд 8.5 л архи дарс, 28.8 л шар айраг ногдож буй нь аюултай түвшинд буюу муу үзүүлэлттэй гарсан байна.
Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа архидан согтуурахтай тэмцэх хууль нь 2000 оны нэгдүгээр сараас өнөөг хүртэл мөрдөгдөхдөө нийт 12 удаа нэмэлт өөрчлөлт орж байсан хэдий ч манай улсын хувьд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо өсөлттэй хэвээр байна” гэлээ.