Солонгос оюутан гадилаар хийсэн уран бүтээлийг идэж орхижээ
Артист Мауризио Каттеланы Өмнөд Солонгост нээсэн “WE” нэртэй үзэсгэлэн дэх гадил жимсээр хийсэн уран бүтээлийг нэгэн оюутан идэж орхижээ. Сөүл хотын “Lleum” урлагийн музейд гарч буй тэрхүү үзэсгэлэн дэх уран бүтээлүүд дунд “Comedian” нэртэй хана дээр скочоор наасан банана байсан аж.
Тэр гадилыг идсэн Но Хюнсу нэртэй урлагийн сургуулийн оюутан “Өглөөний цайгаа уугаагүй, өлсөж байсан… урлагийн бүтээлийг гэмтээх нь бас урлаг байж болно шүү дээ. Угаасаа идэг гээд хана дээр наагаагүй юм уу” гэж хэлжээ. Тэрхүү явдлын дараа музей шинэ гадил хананд наасан байна. Үүний талаар сонссон Каттелан “Ямар ч асуудал байхгүй” гэж хэлжээ. Сонирхолтой нь өмнө ч гэсэн түүний “Comedian” уран бүтээлийн гадилыг идсэн тохиолдол 2019 онд гарч байсан удаатай юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ