Ковидийн талаар шүгэл үлээсэн Хятад эрэгтэй шоронгоос суллагджээ
Ухань хотод коронавирусийн тархалт эхэлж байх үед шинэ халдваруудыг баримтжуулж, мэдээлж байсан Фан Бин гурван жилийн дараа шоронгоос суллагджээ. Цар тахлын эхэн үед Ухань хотын зарим оршин суугчид тус хотод юу болж байгааг бичлэг хийж баримтжуулан цацсаны дараа учир битүүгээр алга болоод байсан юм.
Фан 2020 оны хоёрдугаар сард алга болж, түүнийг хаалттай шүүх хуралд нууцаар оруулан гурван жилийн хорих ял оноожээ. Тэрээр Ухань хотын нэгэн эмнэлгийн гадаа найман хүний цогцсыг уутанд хийгээд орхисон байсныг бичлэг хийж цацсаны дараа баривчлагдаад суллагдсан юм. Үүний дараа Фан “Хүмүүс ээ босоцгоо, засгийн газрын эрх мэдлийн ард түмэнд буцааж олго” гэж хэлсэн бичлэг интернэтэд байршуулсан нь түүний сүүлийн бичлэг байжээ. Түүнтэй адилхан хэд хэдэн хүн цар тахлын үеэр “шүгэл үлээсний” төлөө баривчлагдан хоригдож байгаа аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ