“Bohemian Rhapsody” дууг “Mongolian Rhapsody” гэж нэрлэж байсан гар бичмэл олджээ
Алдарт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркури хамтлагийн сүлд дуу болох “Bohemian Rhapsody” дуундаа “Mongolian Rhapsody” хэмээх нэр оноох гэж байсан талаарх 1974 оны гар бичмэл олджээ.
Меркуригийн дотны найз Мэри Остинд хадгалагдаж байсан 15 хуудас бүхий гар бичмэлд дууны нэрний “Mongolian” хэмээх хэсгийг дарж арилгаад “Bohemian” хэмээн бичсэн нь ил боллоо.
Гарчигнаас гадна дотоод агуулга тал дээр ч нэлээд их өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, “Mama, just killed a man” хэмээх хэсгийн оронд “Mama, there’s a war began; I’ve got to leave tonight” хэмээх мөртийг ноорог дээрээ бичсэн байжээ.
Хэрэв энэ гар бичмэлийг дуудлага худалдаагаар зарвал 995 мянгаас 1.5 сая ам.доллар хүрнэ гэсэн тооцооллыг гаргажээ. Үүнийг Монгол төгрөг рүү хөрвүүлвэл 5.1 тэрбум төгрөг болох юм. Энэ гар бичмэлийг Меркуригийн 77 насны төрсөн өдрөөр буюу есдүгээр сарын 5-нд үзэсгэлэнд дэлгэн борлуулахаар төлөвлөжээ.
“Queen” хамтлагийн 1975 онд цацсан “Bohemian Rhapsody” дуу дэлхий дахинаа 2.6 сая хувь борлуулагдсан агаад борлуулалтаараа бүх цаг үеийн дуунуудын гуравдугаарт жагсаж байна.
Эх сурвалж:CNN
Б.ДОЛЖИНЖАВ