Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээг Багануурын цахилгаан станцаас хангана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Цахилгаан эрчим хүчний таван МВт-аас дээш хүчин чадалтай, эсвэл дулааны эрчим хүчний 1.5 МВт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөх тухай заалт нэмэхээр тусгасан байна.
Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй байхаар, хуулийн дагаж мөрдөх үйлчлэх хугацааг 2029 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тусгажээ.
Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Дорнодын цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөнө. Ингэвэл 2-3 жилд бодит үүсэх хэрэглээг хангана.Багануураас Өндөрхаан, Өндөрхаанаас Дорнод руу агаарын шугам барих төлөвлөгөө бий. Багануурын цахилгаан станц барих төслийн хувьд нэг хөрөнгө оруулагчаас нөгөө хөрөнгө оруулагчид шилжих ажил явагдаж байна. Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээг Багануурын цахилгаан станцаас хангах юм” гэв.