Х.Лхагвасүрэн: Монгол Улсын хил халдашгүй дархан байна
Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярт зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр /2023.07.23/ Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Ёслолын жагсаалд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Баасандамба тэргүүтэй албаныхан оролцож, хилчид дайчиддаа баяр хүргэлээ.
Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Монгол Улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай албанд зүтгэж буй үе, үеийн хилчид дайчиддаа баярын мэндчилгээ дэвшүүлье.
Өнгөрсөн зууны эхний хагас, Монгол Улс эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн жилүүд байсан. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, 1921 онд Ардын хувьсгал ялж, 1924 онд Үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхагласан. Хувьсгалын дараах жилүүд амаргүй, хүнд байсан.
Ардын засгийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн энд тэндгүй өрнөж, баруун зүүнтний нугалаа завхрал гарч, олон айл өрх хил даван дүрвэж байсан 1933 онд Дотоод хэргийн яамны дэргэд хил хамгаалах байгууллага хилийн цэрэг үүсч, анхны отряад заставууд элсэн говь, эзгүй хээр, эсгий гэр, газар нүхэнд байрлан, хил хамгаалалтаа зохион байгуулсан түүхтэй.
Хилийн цэрэг дайны хүнд жилүүдэд бэхжин хөгжсөн юм.1939 онд Японы түрэмгийлэгчид Монгол Улс руу дайран довтолход анхны сум хилчдийг онилж, анхны бөмбөг нь хилийн застав дээр дэлбэрч байсан юм. 1945 он, 1948 оны тулгаралт байлдаануудад хилчид идэвхтэй оролцож, эр зоригоо үзүүлэн, эгнээнээсээ Монгол Улсын 14 баатрыг төрүүлсэн түүхтэй. Халх голын дайнд Сүмбэрийн заставын дарга П.Чогдон, Эрс уулын заставын дарга С.Төмөрбаатар, тасгийн дарга, эрхэлхэг хилчин Н.Жамбаа, мэргэн буудагч, Д.Гуулин, Э,Шийлэг нар гарамгай гавьяа байгуулж, БНМАУ-ын баатар цол хүртсэн юм.
Олон жилийн турш үргэлжилсэн баруун хилийн тулгаралт байлдаанд хилийн цэргээ командлан, ялалт авч ирсэн армийн генерал Б.Дорж, хамгийн олон жил, хамгийн олон удаа байлдаанд орлцсон Ж.Нэхийт, заставаа командлан байлдааны талбарт амь эрсэдсэн ахлах дэслэгч С.Лхагвадорж, эх орныхоо тулган шаардах бичгийг дайсны талд хүлээлгэн өгч, амь үрэгдсэн торгууд нутгийн хүү Б.Бадам, 18, 19 хөн насандаа эх орныхоо төлөө тэмцэж, эцсийн сум, сүүлчийн гранатаа дэлбэлсэн Б.Тэгшээ, Б.Гиваан, С.Даваадорж, Х.Дамба, Д.Намнан нарын эрэлхэг эх оронч хөвгүүдээ Монголын төр, Монголын ард түмэн мартаагүй.
Өнгөрсөн зургадугаар сарын 8-нд Ховд аймгийн Булган сумын баруун хилийн тулгаралтын байлдааны 75 жилийн ойг тэмдэглэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, эх оронч эрэлхэг хөвгүүддээ зориулсан дурсгалын хүндэт хөшөө, мөнхийн зулыг нь асааж, Монгол төр хүндэтгэл үзүүлсэн юм.
1950-иад онд дайн дуусч тайван цаг ирж, хил хамгаалах байгууллагыг хэсэгчлэн татан буулгасан. 1958 онд тухайн үеийн төр засгийн удирдлагууд шуурхай шийдвэр гаргаж, ОХУ -тай хилийн гэрээ байгуулж, Асгатын даваанаас Монгол шарын даваа хүртэл хилээ тогтоож, хожим 1976 онд Монгол Алтайн нуруунаас Асгатын даваа, Монгол шарын даваанаас Тахийн шар нуруу хүртэл улсын хилээ тогтоож, газар орон дээр нь тэмдэглэж, 3543 хилийг тогтоосон юм.
1962 онд БНХАУ-тай хилийн гэрээ байгуулж, Алтай Таванбогдоос Асгатын өвөр бэл, Халхын өмнөд овоо хүртэл, Орвог гашууны бор толгой, Соёлз уулз, Тарваган тахийн овоо хүртэл 4709 км газар хүртэл улсын хилээ тогтоож, газар орноо тэмдэглэсэн түүхтэй.
Хожмоо 1975 онд НҮБ -д бүртгүүлж, Монгол Улс хоёр хөрштэйгээ улсын хилээ тогтоосон, олон улсад хүлээн зөвшөөрсөн дархан хилтэй болсон түүхтэй” гэлээ.