С.Бямбацогт: Бээжин хотын Зам харилцааны их сургуульд 42 оюутан үнэ төлбөргүй суралцахаар батламжаа авсан
Зам, тээврийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах асуудлаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ талаар тэрбээр “Зам, тээврийн салбарт 50 мянга орчим хүн ажилладаг. Авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбар өргөжих хэрээр боловсон хүчний дутагдалд орох төлөвтэй байна. Тиймээс ирээдүйн залуучуудаа бэлтгэх бодлогыг боловсруулж, гадаад, дотоодын их, дээд сургуулиудад сургаж байна.Өнөөдрийн байдлаар зам, тээврийн чиглэлээр дотоодод 3000 гаруй, гадаадад 400 гаруй боловсон хүчин бэлтгэгдэж байгаа.БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны их сургуульд 60 оюутан элсүүлэх байснаас 42 нь тэнцэж суралцах батламжаа өнөөдөр гардаж авах гэж байна. Эдгээр оюутан авто тээвэр, авто зам, агаарын тээвэр төмөр замын чиглэлээр үнэ төлбөргүй суралцана. Амжилттай суралцаж ирээд Монголын төмөр зам зэрэг байгууллага болон МИАТ компанид ажиллах боломжтой” гэв.
Мөн Москвагийн Авто замын дээд сургууль, Төмөр замын их сургуульд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж байгаа аж. Цаашид Герман, БНСУ, Катар, АНУ-д зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Герман улсын МСҮТ-д нэг жилд 50 гаруй оюутан зам, тээврийн мэргэжлээр үнэ төлбөргүй суралцаж, ажиллаж, төгсөж байна.