БНХАУ-ын 30 тэрбумын хөрөнгө оруулалтаар Буянт-Ухаа спорт цогцолборыг засварлаж дуусчээ

Буянт-Ухаа спорт цогцолборын засвар дуусч ойрын хугацаанд ашиглалтад орохоор болсон байна.

Тодруулбал, Биеийн тамир, спортын олон улсын тэмцээн, баяр ёслол, соёл урлагийн арга хэмжээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилго бүхий Буянт-Ухаа спортын цогцолбор анх БНХАУ-ын Засгийн газрын 21 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж 2010 оны арванхоёрдугаар сард Монгол улсын Засгийн газарт шилжүүлж байжээ.

Гэвч тухайн үед тус ордныг Улсын комисс албан ёсоор хүлээн авалгүй 10 гаруй жил ашиглаж ирсэн хугацаанд ордны чанар ихээхэн муудаж агааржуулалт, дулаан болон усны хангамж нь элэгдэлд орсон учир манай талаас БНХАУ-ын Худалдааны яамд хандаж ордны засвар шинэчлэл хийх хүсэлт тавьсан байна. Хятадын тал хүсэлтийг хүлээн авч 2022 оны хоёрдугаар сараас дахин 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн гадна дотор иж бүрэн засвар, барилгын дэд бүтцийг шинэчлэх ажлыг гүйцэтгэжээ.

Хятадын инженер-техникийн ажилтнууд ус хаялгын систем солих, цахилгаан сүлжээний угсралтыг шинэчлэх, барилгыг бүтнээр нь нэмж дулаалах, гадна дотор гэрэлтүүлгийн хүчин чадал нэмэгдүүлэх, шалыг олон улсын стандартад нийцүүлэн дахин угсрах, дотор ханыг бүрэн сольж дуу тусгаарлалттай болгох, гадна дотор өргөн дэлгэц суурилуулах, бүх өрөө тохижуулах, ордны цонх, хана, хаалга шинэчлэх болон бусад ажлыг хийсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *