С.Одонтуяа: Ардчилсан намд манлайлагч, шударга ёсыг эрхэмлэсэн олон эмэгтэй бий
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо (АЭХ)-ны ерөнхийлөгчийг сонгох “Лиш” дээд чуулганы талаар АЭХ-ны удирдлагууд мэдээлэл хийлээ.
Энэ сарын 25-ны өдөр болох уг чуулганаар 21 аймаг, 9 дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож АЭХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгон баталгаажуулах аж.
АЭХ-ны ерөнхийлөгчөөр 2016 оноос хойш УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байгаа бөгөөд өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр болжээ.
Тэрбээр “Манай нам шинэ сонгуульд шинэ залуус гарч ирээсэй гэсэн үүднээс ачааг нь үүрүүлж, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлж залуучуудаа дэмжиж ажиллаж байна. УИХ-ын хаврын чуулганаар манай АЭХ-ны үе үедээ хүсэж тэмцэж ирсэн заалтууд батлагдаж чадсан. Улс төрийн намын хуульд ч гэсэн жендерийн асуудлыг нэлээд ахицтай өндөр хэмжээнд хийсэн учраас энэ шинэ боломжийг манай залуучууд ашиглах ёстой юм. АЭХ-ны шинэ ерөнхийлөгч өөрийн багаа бүрэлдүүлж сонгуульд эмэгтэйчүүдээ амжилттай оролцуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Манай намын эгнээнд манлайлагч, шударга ёсыг эрхэмлэсэн олон эмэгтэй бэлтгэгдсэн байдаг. Эрчүүд эзэгнэсэн энэ улс төрд хээл хахууль, авлигал хэдэн их наядаар яригдаж байна. Нийгэмд эмэгтэйчүүдийн ачаа хөнгөрөхгүй улам хүндэрч байгаа асуудалд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хүчтэй сөрөг хүчин болж ажиллана. Шинэ залуу үеэ гаргаж ирэх, олон манлайлагч эмэгтэйг улс төрийн амьдралд идэвхтэй оролцуулах, хүчтэй сөрөг хүчний дуу хоолой болгоход залуучуудаа дэмжих хэрэгтэй байна” гэв.