“Цахим” гэдэг үг хэзээнээс бидэнд ийм дотно болчхов
Цахим гэдэг үг хэзээнээс бидэнд ийм танил дотно болчихсоныг мэдэхгүй. Бүр хурдан, амархан гэх утгыг ч илэрхийлдэг болж. Анхандаа банк санхүү, худалдаа үйлчилгээ, техник технологийн салбарт л түлхүү ашиглагдаж байсан цаг саяхан. Ийн нүүдэлчин гэх тодотголтой бидний өдөр тутмын амьдралын хэв маягт бага багаар нэвчсээр амьдралын салшгүй нэгээхэн хэсэг болоод байна.
Харин төр цахим шилжилтэд анхаарлаа хандуулж, “Цахим үндэстэн”, “Цахим засаглал” гэх нэр томьёо, уриа үгийг алхам тутамд ашиглаж, улс төрчид өөрсдийгөө тодруулж товойлгож, бусдаас ялгарах гэдэг нэг сэдэв нь болоод хоёр гуравхан он улирч.
Энэ хугацаанд төрийн хамгийн ололт амжилттай, ард бидэнд өгөөжтэй болсон төсөл бол E-Mongolia. Шуудхан хэлэхэд энэ төсөл дээр төр ганц удаа шидийг үзүүлсэн гэж болно. Учир нь ТҮЦ машинаас өөр төрийн үйлчилгээг хэн нэгэн хүнээс хамааралгүй авах боломжгүй байсныг орвонгоор нь эргүүлсэн. Гар утаснаасаа төрийн үйлчилгээг авах гээчийг төсөөлөөч үгүй байсан ард түмэн 3 жилийн хугацаанд 35 сая удаагийн үйлчилгээг цахимаар авсан байна.
Цаашлаад НҮБ-аас 2 жил тутамд буюу тэгш тоотой жилүүдэд хийгддэг дэлхийн улс орнуудын дижитал шилжилт, цахим засаглалыг хэмждэг “Цахим засаглалын хөгжлийн индекс (EGDI)”-ийн 2022 оны дүнгээр Монгол Улс 18 байраар урагшилж 193 орноос 74-р байранд эрэмблэгдсэн. Өмнө нь 2018, 2022 онуудад 92-р байранд жагсаж байсан юм. Үүнд шууд болон шууд бусаар хамааруулан үзэхэд E-Mongolia ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Улсынхаа нэрийг дэлхийн улс орнуудын өмнө овоо улайлгахааргүй тахалчихаж. Тэгвэл энгийн ард бидэнд E-Mongolia юу өгсөн бэ? гэж үү?
Эдийн засгийн нарийн нандин тооцооллоор бол төрийн үйлчилгээг авахдаа ирж очих унааны зардлаас эхлээд, зарцуулах цаг хугацаа, баримт бичиг бүрдүүлэх төгрөг мөнгө зэрэгт та бидний халааснаас урсах байсан 287,9 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэжээ. Төлсөн татвартаа дүйцхүйд сэтгэл ханамжтай төрийн үйлчилгээ авч чаддаггүйн дээр энэ их мөнгийг зарлагадах байж.
Гэсэн ч их том, хол тоо сонсогдож байна. Харин яг амьдрал дээр чирж авч ирээд бодоод үзэхэд байж болмоор л санагдана. НДШТ-өөс эхлээд гэрлэсэн гэрлээгүй, ял шийтгэл эдэлж байсан эсэх гээд хэрэгцээ шаардлага нь дуусдаггүй лавлагаа тодорхойлолтоо утсаараа авчихдаг болсон гэж бодохоор дээрх хэмнэлт харин ч бага мэт.
Сүүлд л гэхэд 3.0 хувилбараараа төрд байгаа мэдээллээ хянах боломжийг бий болгосон. Хүүхдийн мөнгөний үеэр салбарын сайд маань хүртэл 7 хүүхэдтэй болсныг санаж байгаа байх. Нэг ёсондоо E-Mongolia танд шүгэл үлээгээд байна шүү дээ. Төрд хяналт тавь, өөрийг чинь тодорхойлох чухал мэдээлэлдээ ач холбогдол өг, шинэчил гээд. Төрд надтай холбоотой ямар мэдээлэл хаана, юу гэж байгааг өөрсдөө хянаж болох нь. Бүр мэдээллийг чинь хэн хэнд дамжуулж харуулсан талаар мэдэгдэл хүртэл хүргээд байна.
Одоо харин өнөөдрийн байгаадаа ханаад, назгайраад төр бидэнд юу хийж өгөх бол гээд хараад л суугаад байх уу?
E-Mongolia цаашид хэрхэх нь биднээс шалтгаална. Учир нь энэ системийн хэрэглэгчид та бид. Алдаа дутагдал, ололт амжилт бүр нь бидний амьдралын алхам тутамд нөлөөлөхүйц хамааралтай болчихсон. Нэг л алдаа гаргахад бидний төлөвлөсөн, тооцоолсон бүхэн нурах магадлалтай.
Тэгэхээр ядаж л эрсдэлийг бууруулахын тулд хаана юу шаардлагатайг, юуг илүү сайжруулах ёстойг, мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгааг асууж, хэлж ярьдаг байх хэрэгтэй болно. Ингэхлээр чинь л дөнгөж 43,7 хувьтай байгаа цахим ур чадварын индексээ ядаж 50 хувьд хүргэчихмээр байна. Төрийн 83 байгууллагын 994 үйлчилгээ нь цахимжчихаад байхад цахим шилжилт, цахим ур чадвар, мэдээллийн аюулгүй байдлыг фэйсбүүк, мессенжэрээр төсөөлдөг байж боломгүй.
Unen bodit saihan niitlel blsn bna👏🏻👏🏻👏🏻