О.Мөнхжин: Бид татварын асуудалд зовоогүй байхад та бүхэн санаагаа бүү чилээгээрэй
PUBGM тоглоомын ДАШТ-д амжилт үзүүлсэн баг тамирчдад ЦХХХ-ны сайд Н.Учрал болон яамны харьяа байгууллагуудын төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд баяр хүргэж, шагнал гардуулж өглөө.
Засгийн газар, ЦХХХ-ны сайдын тушаалаар дэлхийн аваргаар тодорсон “IHC esports” багийн хамт олныг Монгол Улсын Цахим элчээр өргөмжилсөн юм. Мөн “IHC esports” болон Stalwart esports”, дөрөвдүгээр байр эзэлсэн “4Merical vibes” багийн залуучууд, дасгалжуулагчдыг Мэдээлэл, Харилцаа Холбооны салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, яамны жуух бичгээр шагнасан.
“IHC esports” багийн хөрөнгө оруулагч “Их Бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин ДАШТ-ээс хүртсэн шагналаас татвар төлөх талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Манай компани крипто зах зээлд хүч үзэж байгаа учраас и-спортод хөрөнгө оруулахаар шийдсэн. Тиймээс “IHC esports” багийн тамирчдад сар бүр сайн цалин, амьдрах орон байраар хангаж өгсөн. Багийнхан маань амжилт үзүүлсэн тохиолдолд гэрээний дагуу шагналаа хуваадаг. Гэхдээ хүүхдүүдэд дийлэнх хувь нь очдог. Иймэрхүү байдлаар зөв зохион байгуулалттай явж байна. Турк, манай улс хоёр татварын хэлцэлтэй учраас манай улс давхардаж татвар авахгүй. Хэрэв манай компани руу шагналын мөнгө орж ирвэл татвар төлөөд, үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явна. Бид татварын асуудалд зовоогүй байхад та бүхэн санаагаа бүү чилээгээрэй” гэв.