Ц.Даваасүрэн: Залууст зориулсан “Миний анхны орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Ипотекийн зээлийн тогтолцоог Засгийн газар үе шаттайгаар Монголбанкнаас шилжүүлэх авах учиртай. Гэвч энэ онд ипотекийн зээлийг хариуцах эзэн үгүй болж, дараалал уртсаж олгож байгаа эсэх нь ч ойлгомжгүй болж иргэдийг бухимдуулсан. Улмаар Монголбанк дахин хариуцахаар болоод буй.Тэгвэл дээрх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорац байгуулахаар өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэжээ.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Бид хэд хэдэн багц дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Жишээлбэл залууст зориулсан миний анхны орон сууц, төрийн албан хаагч, хөдөө орон нутагт амьдарч буй иргэдэд зориулсан гэх зэрэг дэд хөтөлбөр хэрэгжүүлээд явна. Нэг гол зүйл нь сарын орлого нь хоёр саяас доош иргэд ипотекийн зээлд хамрагддаггүй. Судалгаанаас харахад зээл авсан иргэд хоёр сая төгрөгөөс дээш орлоготой байгаа. Өрхийн сарын орлого нь 500,000 төгрөгөөс доош иргэд орон сууцны хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Иймд хамруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Ипотекийн зээлийг тодорхой зорилтот бүлгүүд буюу ахмадуудад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн орон сууцны санхүүжилтийг хийхэд зарцуулна. Тухайлбал, түрээсийн орон сууц. Үүнийг ипотекийн зээл авах боломжгүй иргэдэд олгоно. Хугацаа өндөр, жишээлбэл бусад улс оронд 20, 30 жилийн урт хугацаатай байхаар орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд хэрэгжүүлэх юм. 2024 онд багтаж энэ тогтолцоонд шилжих юм. Арилжааны орон сууцны хөтөлбөрүүд мэдээж хэрэг үргэлжилнэ. Шинээр орж ирж байгаа зүйл нь ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаа эмзэг бүлгийн иргэдээ хамруулах хөтөлбөртэй болж байна” гэлээ.