Дуудлагаар явж байсан түргэний машин цасанд сууж, эвдэрчээ
Завхан аймгийн Тэс сум төвөөс хойд зүгт 80 км “Бэрхийн-Өвөр” гэдэг газар “Бэрхийн-Өвөр” болон “1 дүгээр застав”-ын чиглэлд дуудлагаар явж байсан сумын Эрүүл мэндийн төвийн автомашин цасанд сууж, эвдэрчээ.
Тухайн машинд хоёр өвчтөн зорчиж явсан бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлэхэд автомашины дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг өчигдрийн 18:19 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид очиж, хоёр өвчтөнийг аваад нэгдүгээр сарын 5-ны 04:14 цагт сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.
Орон нутагт цас ихтэй байгаагаас өвөлжилт хүндэрч буй. Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээлснээр энэ онд 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрч байгаа. Тухайлбал, Завхан аймгийн Тэс суманд цагаан зуд болж байна. Иймд орон нутагт зорчиж буй иргэдийн замын нөхцөл байдлын мэдээллийг тогтмол хүлээж авч, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.