Монголын цагдаа биднийг хамгаалах уу?
Монголын цагдаа биднийг хамгаалах уу гэх итгэл алдарч байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид, хурандаа нарын оролцоотой хэргүүд байс гээд сөхөгддөг боллоо. Цагдаагийн алба хаагчид бусдыг эрүүдэн шүүсэн, авлига авсан, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан, нийтийн орон сууцанд мөрийтэй тоглоом ажиллуулсан, бусдыг үндэслэлгүй баривчилсан, насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон, насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гээд олон хэргүүд нийгмийг цочроож байна.
Тодруулбал Цагдаагийн байгууллагын 2 алба хаагч цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэг оны өмнөхөн гарч нийгмийн анхааралд орж байлаа. Мөн хэдэн жилийн өмнө цагдаагийн хурандаа цолтон нийтийн орон сууцны байранд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан нь ч илэрч байлаа.
Түүнчлэн Экологийн цагдаагийн албаны дарга асан хурандаа Б.Цогбаатар, Дотоод хэргийн их сургуулийн багш Я.Билэгдэмбэрэл, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга дэд хурандаа Ганхуяг нарыг хууль бусаар алт олборлосон иргэдээс удаа дараа их хэмжээний авилга авсан гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн. Энэ бүхэн бол Цагдаагийн алба хаагчдын саяхны томоохон хэргүүд.
Хамгийн сүүлд нийгмийг айдаст автуулсан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагчийн 13 настай охиныг хүчиндсэн хэрэгтэй зэрэгцэн бас нэг ноцтой хэрэг гараад байна. Нэг том хэргийн дуулианаар өөр том хэрэг дарагдаад өнгөрөх вий гэсэн үүднээс хөндөж байна.
Зарим уншигчид харсан байх. Цагдан хоригдох байрнаас Шүүх танхимд хүргэгдэж байсан шүүгдэгчдийг өөрсдийгөө тусгайгийнхан гэх багтай хүмүүс зодсоны улмаас шүүх хурал хойшилсныг.
Тодруулбал өнгөрсөн онд гарсан “Андын илч” компанийн талбайд зэвсэгтэй хүмүүс халдсан гэх хэргийн шүүх хурал 2024 оны 4-р сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд хаалттай горимоор эхэлсэн бөгөөд уг шүүх хурал 18:45 цагт түр завсарлаж, маргааш өдөр нь буюу 2024.04.03-ны лхагва гаргийн 09.00 цагаас хурлыг үргэлжлүүлэхээр болоод түр завсарласан.
Харин маргааш өдөр нь шүүгдэгчдийг Цагдан хорих байрнаас Цагдаагийн алба хаагчид шүүх танхим руу хуяглан хүргэх явцад нь зодож, дарамтлаж, хүчирхийлсэн хэрэг гарсан. Энэ хэргийн тухай шүүгдэгчдийн өмгөөлөгч “Өөрсдийгөө тусгайгийнхан гэж танилцуулсан 4-5 хүн шүүх хурал руу шүүгчдэгчдийг авч явахдаа доош харуулан хэвтүүлж, “Яасан их таргалсан новш вэ, шүүх дээр их олон юм ярьж байна гэсэн үү” гэх зэргээр дарамталж бороохой эсвэл төмөр шиг хатуу биетээр зодсон байна. Энэ тухай шүүх танхимд шүүгдэгч нар ярьсан. Шүүгдэгчдийн биеийн байдал муу, хөл дээрээ тогтож чадахгүй шахам ирсэн. Зарим шүүгдэгч шүүх танхимд муужирч унасан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн, прокурор, шүүгдэгчдийн өмгөөлөгчид гээд олон хүн харсан. Бүгд гэрчилнэ. Үүнээс болоод шүүх хурал хойшиллоо” гэж ярьсан.
Тэгвэл тэднийг зэрлэгээр зодож тамласан шалтгаан юу байв гэдэг асуудалд анхаарал хандуулъя. Шүүгдэгч нарыг зодож, эрүүдэхдээ багтай хүмүүсийн ярьсан нь ихэд анхаарал татаж байна. “Шүүх дээр их олон юм ярьж байна гэсэн үү” гэх энэ ганцхан өгүүлбэр л хэн нэгэний эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг, холбоо хамаарлыг хөндсөнийг илтгэж, шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого гэж харагдаж байгаа юм.
Багтай хүмүүс өөрсдийгөө тусгайгийнхан гэж хэлээд зодож, тамлана гэдэг нь өндрөөс тушаалтай үйлдэл гэдэг нь тодорхой. Ийм үйлдлийг жирийн алба хаагчид дур мэдэн хийгүй нь ч мэдээж хэрэг.
Эх сурвалжаас авсан мэдээллээр шүүгдэгчид шүүх хурлын эхний өдрүүдэд нэр бүхий цагдаагийн хурандаа нарыг эл хэрэгтэй холбоотой талаар шүүх танхимд мэдүүлэг өгч, ярьснаас дээрх хэрэг манджээ. Одоогоор хэд хэдэн хурандаагийн нэр яригдаж байна.
Цагдаагийн албаныхан шүүгдэгчдийг зодсон энэ балмад үйлдэл нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчөөд зогсохгүй, НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглал, бусад конвенциор хүлээсэн үүргийг ч ноцтой зөрчсөн үйлдэл болно.
Шүүхээс гэм буруутай нь тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж болохгүй гэж Үндсэн хуулинд байгаа. Мөн гэм буруутай нь тогтоогдож, ялтан болсон ч эрүүдэн шүүлт, ярга байх ёсгүй.
Цагдаа бол хууль сахиулах л үүрэгтэй. “Мөрдөс”-өөрөө далайлгаж хууль зөрчих эрх хэнд ч байхгүй. Гэтэл өнөөдөр энэ мэтчилэн хуулийг өөрсдөө зөрчдөг, гэмт хэрэг үйлддэг, хууль бус тушаал өгдөг алба хаагчид Монголын Цагдаагийн байгууллагад олон байгааг сүүлийн үеийн ойр ойрхон гарч байгаа хэргүүд нотолсоор байна.
Магадгүй бидний мэдэж байгаа эдгээр хэргүүдээс өөр олон хэргүүд ч “цагдаагийн байгууллагын нэр хүнд” гэх хоосон малгайн дор дарагдсаныг таашгүй. Удахгүй шүүгдэгчдийг зодож, яргалсан хэргийн ард хэн гэгч мөрдөстнүүд байгааг “байгууллагын нэр хүнд” гэх малгайн дороо нуучихгүй гаргаж ирэх байх гэж Цагдаагийн байгууллагад найдъя. “Бохир” цагдаа нараасаа хэрхэн салж байгааг иргэддээ хариулж, Монголын Цагдаагийн байгууллагын нэр хүндээ бодитоор өргөнө гэж хүлээе.
Цагдаа биднийг хамгаалах уу, цагдаагаас өөрсдийгөө хамгаалах уу?