СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэл сургууль, цэцэрлэгийн засварыг чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн нар зарим сургууль, цэцэрлэгүүдэд ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 51 сургууль, 56 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилга болон засвар шинэчлэлтийн ажил нэмэлт санхүүжилтээс шалтгаалан удаашралтай байгааг гүйцэтгэгч байгууллага хэлж байв. Дүүргийн 3 дугаар хороо 54, 160-р цэцэрлэгийн баруун талын гарааш буулгасан хэсэгт хашаа барих асуудлыг шийдвэрлэсэн.
Мөн 68-р цэцэрлэгт дүүргийн хөрөнгө оруулалтаар сантехникийг бүрэн шинэчилж байна. Харин 31-р сургуульд улсын төсвөөр өнгөрөгч намар эхэлсэн өргөтгөл дуусаж, улсын комисс ажиллан гүйцэтгэгч байгууллагад хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Дүүргийн хөрөнгө оруулалтаар 6-р сургууль, ӨЗБЛАС-ийн спорт зааланд тус тус засвар хийгдэхээр ажиллаж байна. Энэ үеэр Засаг дарга хичээлийн шинэ жил 10 хоногийн дараа эхлэх гэж байгаа тул сургууль, цэцэрлэгийн удирдлага, гүйцэтгэгч байгууллагуудад ажлаа шуурхайлах гэхдээ чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.