ОХУ, БНХАУ-ын хил дээр ачаа тээврийн мянга гаруй машины түгжрэл үүсээд байна
ОХУ, БНХАУ-ын хил залгаа боомтууд дээр ачаа тээврийн түгжрэл үүсээд байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Түгжрэл саатлын улмаас зөвхөн Забайкальск-Манжуурын шалган нэвтрүүлэх боомт дээр Оросын тээвэрлэгчид өдөрт дунджаар 40 сая рублийн алдагдалтай байгааг ОХУ-ын тээвэр ложистикийн компаниудын төлөөлөл мэдэгдсэнийг ОХУ-ын “РЖД Партнер.” сайт мэдээлжээ.
Шалган нэвтрүүлэх боомт дээр түгжрэл үүсч буй нь цар тахлын шинэ давалгааны улмаас БНХАУ-аас тавьсан хорио цээрийн дэглэмийн хязгаарлалттай холбоотой аж. Өөр нэг шалтгаан нь шинэ жилийн баяр ойртож буй холбоотойгоор улирлын чанартай ачаа тээвэр өсөж буйг Хятад дахь Оросын тээврийн зуучлагч оператор компани “ПЭК”-ийн салбарын захирал Алексей Музеев тайлбарлаж байна. Түгжрэл үүсэж буй бас нэг шалтгаан нь шалган нэвтрүүлэхийн чадвар хангалтгүй байна.
Забайкальск дахь олон улсын автомашины хилийн боомтын гаалийн газрын ажилтнууд 21.00-09.00 цагийн хооронд чангатгасан горимд шилжин ажиллаж буйг Алс Дорнодын гаалийн газраас мэдээлсэн юм. Түүнчлэн, 10 дугаар сарын 20-нд Забайкальск захиргаанаас хил дээр хүлээгдэж буй автомашины тоог бууруулах зорилгоор цахим дараалал нэвтрүүлэх саналыг Улсын гаалийн газарт илгээсэн.
Үүний зэрэгцээ 2024 он гэхэд хилийн боомтыг сэргээн засварлахаар төлөвлөж байна.
Хилийн боомт дээрх түгжрэл нь төрөл бүрийн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэхэд хүргэжээ. Орос-Азийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбооноос мэдээлснээр, сүүлийн 3 сард зөвхөн ХАА-н салбарын бараа бүтээгдэхүүнийн үнэ, зардал өнгөрсөн онтой харьцуулахад 20 хувиар өсжээ. Шалтгаан нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт дутмаг бөгөөд тогтмол бус байгаа явдал юм.
Хилийн боомтууд дээр сул зогсож буйгаас ачааны машин өдөрт дунджаар 500 евро буюу 40 мянган рубль зарцуулж буйг “Рустранс-Спедишн” компанийн төлөөлөгч хэлж байна. Ингэснээр жолооч нар хохирол амсаж байна. Цалин, байр, хоол, түлш, ачаа түр хадгалах агуулахад байршуулах зэрэг нэмэлт зардал маш их гарч байна. Забайкальск-Манжуурын шалган нэвтрүүлэх боомтоор гурван 7 хоногт 100 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч чадахгүй байна гэж “Рустранс-Спедишн” ХК-ийн ерөнхий захирал Кондраты Гайкевич мэдэгдэв.