Тэргэнцэртэй сайд дэлхийн дулаарлын чуулганд оролцож чадаагүй байна
Израилийн сайд Глазго хотод болж буй дэлхийн цаг уурын өөрчлөлтийн дээд хэмжээний чуулганы эхний өдрийн хуралдаанд оролцож чадаагүй байна. Учир нь хуралдаан явагдаж байсан танхим руу тэргэнцэртэй нэвтрэх боломжгүй байсан гэж тус улсын Дэд бүтэц, усны нөөцийн сайд Карин Эльхаррар Израилийн нэгэн сувагт ярьжээ.
Хурал зохион байгуулагчдын зүгээс түүнээс уучлалт гуйсан ч үл ойлголцол болсон гэдгийг учирлаж, тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам байсан гэдгийг хэлсэн байна.
Их Британи улсын Ерөнхий сайд Борис Жонсон, Байгаль орчны сайд Жорж Юстис нар түүнээс мөн уучлалт хүсчээ. Жорж Юстис ВВС Радиод өгсөн ярилцлагадаа “Эльхаррар сайд тэргэнцэртэй иргэдэд зориулсан замтай хаалгаар нь ороогүй байсан юм билээ” гэжээ.
Эльхаррарын туслахууд Израилийн Times of Israel сонинд ярихдаа “Сайд нь чуулган зохион байгуулж байгаа газрын ойролцоо хоёр цаг хүлээсэн ч ямар ч үр дүнгүй байсан. Тиймээс Глазго хотоос 80 км-ын зайд орших Эдинбург хот дахь зочид буудалдаа буцаад очсон” гэсэн байна.
“Бид тусгай хэрэгцээт хүмүүсийн эрхийн төлөө дуугарч болно. Гэхдээ ярьснаа хэрэгжүүлж, үйлдэл хийж, тогтоосон хэм хэмжээг биелүүлж байх ёстой” гэв.
Израилийн төлөөлөгч нар чуулган зохион байгуулагчдад албан ёсоор гомдол гаргажээ. Тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннет сайд Эльхаррарыг нэвтрүүлэхгүй бол хоёр дахь өдрийн чуулганд оролцохгүй гэж мэдэгдсэн байна.
Харин чуулганы хоёр дахь өдөр Эльхаррар ямар ч асуудалгүйгээр хуралдаанд оролцжээ. ВВС агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр тэрээр “Бүх зүйл өөрчлөгдсөн байсан” гэсэн байна. Тэрээр олон улсын хуралдаан зохион байгуулагчид энэ явдлаас сургамж авч, тусгай хэрэгцээтэй хүмүүсийн орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: ВВC