Ашигладаггүй тээврийн хэрэгсэл тань татварын өр үүсгэж болзошгүй тул нягтлаарай
Иргэд олон жилийн өмнө авто машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирдэг. Улмаар тухайн иргэний нэр дээр татварын өр, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгууль үүсдэг тул эргэн нягтлан шалгахыг анхааруулж байна.
Мөн таны ашиглалтаас гарсан, бусдад шилжүүлсэн хуучин автомашинууд бусдын хөдөлгөөнд саад учруулж, иргэдийг хэвийн аюулгүй зорчиход нөлөөлж болзошгүй байгаа тул өөрийн өмчлөлд байсан автомашины мэдээллээ эргэн шалгахыг зөвлөж байна.
Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 дугаартай “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д заасны дагуу сүүлийн таван жилийн турш техникийн үзлэгт хамрагдаагүй бол иргэний хүсэлтийг үндэслэн хасалт хийнэ гэж заасан.
Иргэн та өөрийн эзэмшилд байгаа ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураалган бүртгэлээс хасуулах үүрэгтэй байдаг тул Автотээврийн үндэсний төвд хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба