Орос улс цөмийн хариу цохилт өгөх томоохон сургуулилт хийжээ
ОХУ-ын стратегийн цөмийн хүчин тус улсын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгсний хариуд их хэмжээний цөмийн цохилт өгөх сургуулилт лхагва гарагт хийлээ.
Москва цөмийн хүчнийхээ жил тутмын төлөвлөгөөт сургуулилалтын талаар АНУ-д мэдэгдсэн тухай тус улсын Батлан хамгаалах яам өчигдөр мэдэгдсэн байна. Цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл нэмэгдэж, Москва Украиныг “бохир бөмбөг” бүтээж байна гэж буруутгаж байгаа үед энэ сургуулилалт боллоо.
Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, сургуулилалтын үеэр Плесецк сансрын буудлаас “Ярс” тив алгасагч баллистик пуужинг харвасан байна. Түүнчлэн Баренцын тэнгисээс шумбагч онгоцноос “Синева” баллистик пуужинг харважээ. Хоёр пуужингийн бай нь Камчатка дахь “Кура” туршилтын талбай байв. “Бүх пуужин байдаа туссан” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Сургуулилалтад мөн “Ту-95МС” стратегийн бөмбөгдөгч онгоцнууд оролцсон бөгөөд агаарт байрлалтай далавчит пуужингуудыг харваж, цэргийн удирдлагын байгууллагуудын бэлэн байдал, удирдлагын байгууллагууд, команд удирдлагын зохион байгуулалтын шуурхай штабын ур чадварыг шалгасан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин стратегийн тогтоон барих хүчнийхээ сургуулилалтын явцыг ажиглажээ. Түүний удирдлага дор газар, тэнгис, агаарын цэргийн хүчний сургуулилалт явагдаж, “дайсны” цөмийн цохилтын хариуд “их хэмжээний цөмийн цохилт өгөх даалгаврыг” боловсруулжээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Ерөнхий штабын дарга Валерий Герасимов нар Ерөнхийлөгч В.Путинд сургуулилалтын талаар илтгэсэн байна.