Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох саналыг иргэд дэмжсэн учир хуулийн төслийг өргөн барилаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барилаа. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.Уг төсөлд Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулах саналыг тусгалаа.Энэ саналд УИХ нэг танхимтай байна, УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорцинал тогтолцоогоор сонгох саналыг Засгийн газраас өргөн мэдүүллээ.Засгийн газрууд хэт үрэлгэн, хөгжлийн бодлогыг гол чиг шугам болгож чаддаггүй нь мажоритар тогтолцоотой хамааралтай. Тиймээс өнөөдрийн өргөн барьж байгаа төслийн 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорцинал байгаагаараа илүү онцлогтой юм. Олон улсын түвшинд парламентийн гишүүдийн тоо хэт цөөн байвал эрх мэдэл хэт төвлөрч, хуйваалдаанаас эхлээд олон сөрөг тал гарах магадлалтай учир дунджаар 150-аас дээш байх ёстой гэж үздэг чиг хандлагыг бид дагаж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн.
ЗГ-ын гишүүн УИХ-ын гишүүний үүргийг давхар гүйцэтгэхэд Засгийн газрын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний доголдол саатал гарч байсан. Мөн ЗГ-ын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй парламентийн үйл ажиллагаанд доголдол үүсний улмаас ЗГ, УИХ-ын гишүүний ажлыг хавсарч хийх нь нийгэмд сэдэв болж яригдаж ирсэн.Олон улсын жишгийг харвал парламентийн гишүүдийн тоо хэт цөөн байгаа нь энэ асуудлын суурь болсон гэж үзэж байгаагаа Үндсэн хуулийн цэц тогтоолынхоо үндэслэл хэсэгт дурдсан байдаг.Үүнээс үүдэн УИХ 51 дүгээр тогтоолыг гаргаж, гишүүдийн тоог нэмэхийг судлах үүргийг Засгийн газарт өгсөн.Гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь парламентийн сонгуулийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах давуу талыг бий болгож байна.Ингэснээр иргэний санал гээгдэхээ болж, сонгуулийн тогтолцоо шинэ шатанд гарна.
Энэ бол шинэ зүйл биш. Тухайлбал, 2012 онд 76 гишүүний 38 нь мажоритар, 38 нь пропорцинал тогтолцоогоор сонгогдож байсан. Энэ үед ч парламентийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг хэлэлцэж 99 гишүүнтэй байх саналыг гаргаж байсан. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдэж байх үед парламентийн гишүүдийн тоог 108 болгох, үүний 54 нь мажоритар, 54 нь пропорцинал тогтолцоогоор сонгоно гэсэн саналыг хэлэлцүүлж байсан.Сүүлийн 15 жилийн хугацаанд судалсан, олон нийтийн дунд хэлэлцүүлсний үр дүн гаргаж ирсэн санал юм. Иргэд, судлаачид 76 гишүүний тоо бага гэдгийг олон талаас нь ярьдаг. Тоог нь нэмснээр бүх талыг төлөөлөх боломж бүрэн хангагдаж, хууль батлагдах үйл явц сайжирна” гэж ярив.